Saturday, November 24, 2007

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би

Дэндэвийн Пүрэвдорж

Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Wednesday, November 14, 2007

Шүлэг оруулаад л байдаг

Ойрд блогтоо бичлэг нэмсэнгүй, бусдынхаараа ч зочилсонгүй жаахан хугацаа өнгөрлөө. За энэ хугацаанд би юу хийвээ гэсэн чинь хоёр удаа хөдөө явсан байх юм аа. Тэгээд л уул нь ажил дээрээ компьютерийн ард л суусан болтой юмдаг.

Өнгөрсөн 2 сард блогоо нээснээс хойш багагүй хугацаа өнгөрч, зүс танихгүй, уулзаж ярилцаагүй блогоор санаа бодлоо хуваалцсаар ирсэн блог андуудтай боллоо. /Блог танд баярлалаа/. Байнга зочилдог блогууд бас байнаа. Бумаа ах, Амарсайхан, Ганаа бж, Бямбаа, Ганбаатар, Заяа, Цоомий........ үргэлжилнэ дээ.
Би ч блог бичигч биш, уншигч юм байнаа. Блогтоо юм бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй, сайн найрагчдын сайхан бүтээлүүдээс оруулсаар л ирлээ дээ. За нэг ийм юм бичдэг юм уу гээд л бодохоор, ээ, Үүнээ чи чинь хүнд ч өөртөө ч хэрэг болохгүй юм бичээд байгаа юм биш үү гэж бодоод л болих. Эсвэл өө ийм юм бичвэл зүгээр юм уу гээд дажгүй санаа санагдвал, хэхэ чи энэ талаар бичих хэмжээнд хүрээгүй ээ гэж өөрийгөө голох зэрэгцчээд л өөртөө сайхан чөлөө өгөөд сууж байна даа.
Чухамдаа би яруу найрагт дуртай юу гэвэл дуртай. Гэхдээ бүүүүүүр нугасгүй дуртай ч биш юм аа. Гэхдээ шүлэг оруулаад л байдаг.
Зиа нэг юу бичихээ мэдэхгүй нэг хүн ингээд л сууж байна даа.

Wednesday, November 7, 2007

Тэр л нэгэн хайраа

Б.Ичинхорлоо

Тэр л нэгэн хайраа

Салхин vнэртэй хайрын богинохон настай дурлал
Санчигны ширхэг ээдрээнд гуниг нуугаад одохдоо
Сагаж ядсан харцны бvvдэн нулимас манаргаад
Саарин дээр нь би найраг асгаж суунаа.
Єлмийд торсон хvрэн чулуу намайг шоолоод
Єєдєєс ирсэн харц бvхэн чамайг асуугаад
Єєлж орхисон гэнэн хайр минь эзэнээ vгvйлээд
Єєрєєсєє би хамаатан хайраа нэхэж суунаа
Нvгэл нvцэглэдэг
Бурханд итгэн уйлж. инээж
Нvсэр бодлоос
Хагацал чангааж хєлс асгана
Зvрхээ би хоёр хувааж нэгийг нь золиослоё
Зовхио би бvлцийтэл уйлж нэрээр чинь нємєрлье
Гуниг зангидсан цэцгэн настай учрал гэнээ
Гурван шєнийн зvvдэнд ирсэн дурлал минь ээ
Галуун дуутай усан хvртэл vерлэж байгаа ч
Ганцхан тогорууны дусал нулимсаар дутаж байдаг аа
Адууны тоосонд дуулсан дуу нь хайр хєглєх
Амрагийн болзоонд хэлсэн vг нь ухаарал нэмэх
Хэрсvv ухаанд нь зовлон жаргал хосолсон
Хэтэрхий ихэмсэг тvvнд нар хvртэл дурладаг аа
Дуулсан дуунд нь уярахдаа тэнгэр хур буулган мэлмэрдэг ээ
Догдолж хэлсэн vгэнд нь сэтгэл хуурын чавхдас шиг хєвчирдєг
Хээнцэрхэн тєрхний чинь ємнє vгс ороолдоод би ичингvйрдэг
Хэлээ хазлан эрхлэхдээ бvр жаахан болчихдог оо
Тэртээ талын цэцэгс надад атаархаад
Тэргvvлэгч дэлбээндээ шvvдэр унэгэн ганхсан
Тэнгэрийн саран авхай болзоонд ханьсан ирчихээд
Тэргэл туяа атаархан бидэн хоёрт эрхэмсэг ээ
Хаалгаа онгойлгон ороход нь салхи хормойдон дагасан
Хааяа нэг дуу аялахад нь нар угтаж мандсан
Єнгє будаг ялгаж нэгэн зураг зурсан
Єєрєєс минь хэзээ ч холдолгvй сэтгэлийн чанад vлдсэн
Тэр нэгэн хайраа.

Sunday, October 7, 2007

Шүр эх

Д.Төрбат найрагчийн "Шүр эх" шүлгийн хэсгээс оруулья

Солонгорсон долоон өнгийг томолдуулж
Сонирхсон мянган харцыг зодолдуулж
Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч
Нүдэндээ чамайг л хардаг шүү Шүр эх минь
Завилаад суусан Янжинтэнгэрийн
Залраад буусан дүр нь чи юм шүү
Гэрийг минь гийгүүлж ирсэн чинийхээ
Гэрэлд нь би шүлэг бичдэг юм шүү...
...Есөн эрдэнийн титэм өмсөж
Ерөөлийн шүлгэнд шигтгээ болж гялалзаагүй ч
Хамгийн сайхан бүсгүй нь чи юм шүү
Харин ганцхан шүүгч нь би юм шүү.

Saturday, October 6, 2007

Ээж уул

М.Билэгсайхан
Ээж уул

Хvслийн цагаан шувууг
Амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хєл дэлхий хоёрыг минь ноцолдож эхлэхэд
''Бєєл бєєл'' хэмээн шивийн тойлсон дэм уул
Хvн бvхнийг єхєєрдєхєд
Миний энэ муухай гэж харыг нь vргээсэн хатан уул
Эрчvvлийн нvдийг унагааж явсан гоо уул
Эцгийн минь єврийг дулаацуулсан халуун уул
Єєрийг таслан олон ургасан бvл уул
Євєр дээрээ намайг эрхлvvлсэн бурхан уул
Сав ертєнцийн жамаар атийж л яваа бєгтєр уул
Саваагvй vрээ єєлж хардаг бvтэн уул
Нэг л мэдэхэд намайгаа орхих хvн уул
Нэр, дvрс, vрс нь vлдэх мєнх уул
Сvvдрээс хvртэл намайгаа хармалсан сvv уул
Сvнс нь хvртэл vрээ хайрладаг аврал уул
Тооноор сарны туяа над дээр тусахад
Зvvдлэнэ гэж эмээхдээ
Толгой дээр ааваар минь vнэг зvvлгэсэн єршєєл уул
Томоо болоод холоо явахад хацрыг минь vнсэхдээ
Тосож уулзана гээд нэгийг нь vлдээсэн билэг уул
Yзэсгэлэн гоогоо vлдээж чадсан зоргоороо уул
Yрийнхээ тєлєє vхэж чадах зоригтой уул
Хvслийн цагаан шувуухайг амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хvvгээ єєрєє ургуулж мєнхєрдєг Хүн уул
Эжий мину

Яваад өгч чадахгүй нь ээ

Би чинь чамайг хүлээсээр
Битүүхэн ирэхийг чинь харуулдсаар
Чамайг би мартаад яваад өгмөөр санагдлаа
Чанад холыг зориод дүүлэн нисэхийг мөрөөдлөө
Гэвч, жигүүр үгүй шувуу шиг дэвж чадахаа больчихож
Жинхэнэ хайрын эзэн чамайг мартаж чадахгүй нь
Өөрөөс чинь бусдад сэтгэл минь татагдахгүй нь
Өрөөл бусдын хайраас өчүүхэн ч гэрлийг үл олно
Цас зөвхөн чам дээр л буух гэж будардаг юм шиг
Чамайгаа л хайрлах гэж орчлонд би төрсөн юм шиг
Нар зөвхөн чамайг л гийгүүлэх гэж манддаг юм шиг
Намайгаа хайрлаач гэж орчлонд би төрсөн юм шиг
Хайлаад өгч чадахгүй нь ээ цас шиг
Харзлаад урсаж чадахгүй нь ээ горхи шиг
Уусаад арилж чадахгүй нь ээ манан шиг
Уугиад замхарч чадахгүй нь ээ утаа шиг
Сар жилээр чандалсан үгээ би дэлгэе
Санаа сэтгэлийн угаас үнэнийг чамд хэлье
Сайхан хайрын эзэн гэж чамайг би онцлое
Санасан хоногийн тоогоороо шүлгэн цацал өргөе.
Би чамд хайртай.

Friday, October 5, 2007

эхлэл үү? төгсгөл үү?

Худал үгүй үнэн байх уу?
Үнэн үгүй худал байх уу?
Хясал үгүй хүсэл байх уу?
Хүсэл үгүй хясал байх уу?
жаргал үгүй зовлон байх уу?
зовлон үгүй жаргал байх уу?
бие үгүй сэтгэл байх уу?
сэтгэл үгүй бие байх уу?
би үгүй чи байх уу?
чи үгүй би байх уу?
газар үгүй тэнгэр байх уу?
тэнгэр үгүй газар байх уу?
ус үгүй өвс байх уу?
өвс үгүй ус байх уу?
уул үгүй тал байх уу?
тал үгүй уул байх уу?
учрал үгүй хагацал байх уу?
хагацал үгүй учрал байх уу?
Эхлэл үгүй төгсгөл байх уу?
Төгсгөл үгүй эхлэл байх уу?

Уудам орчлонд юу байх вэ?
Урсаж өнгөрөх юу байх вэ?
Удтал орших юу байх вэ?
Улиран одох юу байх вэ?

Ламтай Монгол, намтай Монгол

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүйн "Профессор С.Баясгалангийн зүрхний бичлэг" нэртэй нийтлэл, уран бүтээлийн хөрөг "Зууны мэдээ" сонины 10 сарын 3-ны дугаарт нийтлэгдсэнийг уншиж суугаад доорх хэсгийг блогтоо оруулмаар санагдлаа.

..."Оргилд байснаа хярд бууж, тэндээсээ бэлд, дараа нь бүр нүцгэн талд эцсийн бүлэгт жалганд унав. Хажуу хөршүүд нь хаяагаа тэлж, хашаагаа бэхэлж байхад харин Монголчууд халуун зуураа эв эвдэрч, хавиргаа хазан, Халх, Онигууд, Дөрвөн ойрод, Цахар түмэн, Чонос, Ордос, Харчин, Хорчин, Авга нар, Отчигины овог будаа мэт бутарч, шороо мэт хийсэж, алтан ургийн сүнс зайлан, дээр хөхрөгчид наран саран хиртэн, доор хөрстөд хаан жонон харгалдаж, хамаг Монголын заяа буруулав.
Дэлхий зүсээ янзалж, дээлээ сольж, дээврээ өндөрлөж байхад дайсан биднийг мөхөөсөнгүй, атгаг санаа, атаа хорсол, шунал тачаал ийнхүү өтөл биесийг бусниулж, Монголын тамир сульдаж, доншуур наймааны донтонгуудаар сангаа хоослуулж, хөлгүй толгой маасганаж, толгойгүй хөл майжигнав..."
Энэ бол профессор Ц.Баясгалангийн 1995 онд бичсэн "Ламтай Монгол, намтай Монгол" улс төрийн нийтлэл...

Monday, October 1, 2007

Тэнгэр шиг бай

О.Дашбалбар
Тэнгэр шиг бай

Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг...
Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ...
Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
Цєс ихтэй хvний vр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!...
Орох оронгvй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нєхєргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм ...
Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !...
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!...
Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !...
Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!...
Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!...
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!...

Monday, September 17, 2007

Монгол орон Америк зурагчны нүдээр

Америк зурагчний дуранд Монгол орон хэрхэн дүрслэгдсэнийг энэ сайтнаас хараарай. Монголд энэ зун амарч явахдаа эдгээр зургуудыг дурандаа буулгасан юм байна.

http://www.kinsellaphoto.com/

Monday, September 10, 2007

Миний ардын дуу

Б.Ичинхорлоо
Ардын дуу

Нүгэл үргээж дуулсан миний ардын сэтгэл
Нүдний чинь хөөрхөнд даслаа даа гэж аргадан аргадан учирлана
Салхи төөрсөн дууны жороо морь шиг аялгуу
Сар нарны тэнхлэгийг зөв эргээд сайварлана
Түүхийн уяанд хөнгөрсөн найман шарга ажнай
Түмэн оны цаанаас янцгаанхан самарч
Их тэнгэрийн дундах мөнгөн заадас агаад
Итгэлт хөрсөн дуутай хөх Монгол минь урагшилна
Энэ л морьдын төвөргөөн дуунд минь шингэж
Эхлэл төгсгөлгүй хөврөх амьдрал дундуур үргэлжилжээ

Найрын жудаг сануулсан домгийн цэнхэр асар
Нартын шаргал дэвжээн дээр хээгээ гээтэл дэрвэж
Мэлтэн хөх тэнгэрийн хаяа тэлэн уужирсхийж
Миний ардын дуу уянгалж, хуур янцгаана
Эгэлхэн гэрийнхээ зүүн хаяаг бараадаж
Амьдралд би нүцгэн ирсэн
Эжий минь намайг ардын дуугаар өлгийдсөн
Элбэрэл түшиж тоононы нар голлон босоод
Эхний үгийг нь зөв хэлсэн юм байлгүй
Хэлгий өссөнгүй ээ

Хөдөө хээрийн салхинд ганцаараа дуулж нулимс ивэллээ
Уйлж зохиосон юм байлгүй миний ард түмэн
Хөндий холоос сонсоод дагаж аялмаар санагдлаа
Дуулж зохиосон юм байлгүй миний ард түмэн

Ижилдээ гүйсэн хүлэг шиг тэлмэн тэлмэн гишгэдэл
Эрдэнэ засгийн унаганы задгай суман хатираа
Эр бор харцагынх нь жигүүр цуцаасан аялгуу
Эдүгээ дуу болоод нисчихсэн олон олон шувуу
Миний ардын дуу хүлэг морь хөх тэнгэр шиг юм
Мэнд мэдэх учралын их айлтгал юмаа

Ам бардам сайрхаж, дуулж гайхуулья гэхнээ
Ардын дуу минь надаас өөрийгөө нэхэх шиг болно
Адуут талын минь дэнж дээр чи дутуу исгэрлээ гэх шиг
Аашилж болдоггүй хорвоод зэмлэн зэмлэн сонсогдоно

Өндөр тэнгэрийн бүргэд салхинаасаа аяыг нь сонсдог
Өргөн цэнхэр мөрөн минь урсгалаасаа айзмыг нь мэддэг
Зүүдэнд ирдэг надад дуугардаг дуу минь
Зүгээр л сууж байх нь ээ аялуулаад эхэлдэг жаргал минь ээ

Хөглөгөр их хөвчийн хөхөөн дуу сонсогдоно
Хөндийн бараа тоосроход Торой банди чинь бодогдоно
Алтан шанзны эгшигнээс Сүнжидмаа минь өндөлзөнө
Алгирмаагийн гунигийг би торгоны л хээгээр арчинаа
Жороо багахан шарга минь морин хуурын татлагатай
Жолоогүйхэн сэтгэл мину сэрэвгэр хадны зэрэглээтэй

Алсын цэнхэр уулс минь суудлаа засаж чагнадаг
Алмайрч унасан манан үүл яргаж өндийдөг
Айзам хэмнэлд нь багадсан энэ жаахан замбуулин
Ардын минь дуунд багтаж нараа бүүвэйлж эргэдэг юм аа.
Аяа ардын дуу, аавын шүтээн, сэтгэлийн хөг мину зэ.

Wednesday, September 5, 2007

Хил дээр бичсэн шүлэг

Тєрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасvрэн

Хил дээр бичсэн шvлэг

Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь єндєлзєнхєн байна
Ай мєн сайхан аа
Хилийн эрхэм тvшмэл!
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хєх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
-Vхтлээ суунаа
Vхсэн хойно сvнс нь хvртэл Монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нvд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Vгvй дээ
Хардаг нуд гэмээнэ
Цавчихыг нь мартаж ємгєєлсєн
Хальдаг амь гэмээнэ
Vхэхийг нь мартаж ємєєрсєн
Нутгаан єгснєєс vхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хєвч, аагтай илдний vр садыг Монгол гэдэг юмаа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа, санаагаа ав. . . !
Нутаг руу минь унагасан Нvдээ ав. . . !
Євєг дээдэс минь ясаан дор нь ивсэн
Єндєр оронд минь санаархваас
Заяа чинь дутнаа.

Tuesday, August 21, 2007

Нүцгэн биеийг алдаршуулъя

Р.Чойном
Нүцгэн биеийг алдаршуулъя.

Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдая
Шалиг завхай, шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биений тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл
Ядам хуруун дах бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүр мөсөн нүцгэл
Алдарт зураачийн зурсан
Адам, Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амарлингуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээ нэвч гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн шигээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихмээр ариухан
Гантиг цагаан цээжийг чинь бахадъя
Залуу насны чадал дуулсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлсэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хархан нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээр нейлон, копраныг
Таар, шуудай, эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай
Нөмөрсөн хувцас нүд далд хаана
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна
Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя
Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биеийг чинь бахадъя
Сар хүртэл сүүтэгнэн чичэгнэх
Сайхан цагаан хасыг чинь алдаршуулъя
Уруул, хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсаныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахадъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя

Saturday, August 18, 2007

Чамаараа би зөндөө гоёсон

Б.Лхагвасүрэн
Чамаараа би зөндөө гоёсон
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ёс болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно....

Friday, August 17, 2007

Мандах наран зүгт нутаг минь байдаг

Саяхан би Сүхбаатар аймгаар хэд хоног яваад ирлээ.
Өглөө эртээ үүрийн гэгээ татаж, нар нүүрэн дээр мандаад, илч гэрлээрээ төөнөх нь тун тааламжтай.
Тал нь уудам, зам нь дардан, хүлэг нь хурдан, хүмүүс нь уужуу юм. Тал нутгийн хүмүүсийн дуу хууртай, шүлэг найрагтайг биширлээ.
Хүн болгон дуучин болдоггүй хүлэг болгон хурдан байдаггүй гэдэг ч энэ нутгийн хүн болгон нь дуучин, хүлэг болгон нь хурдан юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Бид аймгийн төвөөр нь жаахан алхажээ явахад Баруун-Урт хот харьцангуй цэвэрхэн харагдаж байлаа. Төвөөрөө мод тарьсан, хайснууд нь эвдэрч хэмхрээгүй, өнгө будагтай, гудмаар хог бараг харагдахгүй юм. Өглөө болгон хогоо өгөөрэй гээд хогны машин ирээд ачаад явчихдаг юм байна. Бусад газрууд ч анхаарч, хэрэгжүүлмээр байгаа юм даа.
Хотын төвд гэрэлтэй усан оргилууртай. Усан оргилуур нь оройдоо ажилладаг. Хүүхэд хөгшидгүй тэндээ очиж, салхилдаг юм байна. Бас ч гэж оройдоо залуус маань цагаа өнгөрүүлэх газартай юм байна гэж бодож байлаа.
За тэгээд бичээд байвал олон зүйлийг бичиж болох ч энэ нутгийн тухай нэг сайхан шүлгээр өндөрлөе дөө.

Мандах наран зүгт нутаг минь байдаг
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг
Мал нь тогтуухан, хүн нь аядуухан байдаг
Мандах наран зүгт нутаг минь байдаг
Томоос том наран дор тоонот минь байдаг
Тогоруу шувуу зогдороо намируулаад нисэж байдаг
Тогоотой сүүгээ эжий минь самраад хүлээж суудаг
Томоос том наран дор тоонот минь байдагаа
Ургах наран зүгт нутаг минь байдаг
Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдаг
Барагдахгүй энэ талыг туулах гэж
Байдсан гүүний унага босоо төрдөг
Харагдахгүй бүхний нууцад нэвтрэх гэж
Хан эцгийнх нь хүү билгийн мэлмийтэй төрдөгөө
Ургах наран зүгт нутаг минь байдаг
Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдагаа

Wednesday, August 8, 2007

Монголоороо гоёдог

Ш.Гүрбазар
Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа
Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна
Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно

Sunday, August 5, 2007

Тэнэг

Д.Цоодол

Тэнэг

Сум орондоо инээд доог болсон
Суут тэнэг манай нутагт байдаг юм
Хүй цөглөх багадаа авсан нэрийг нь мартаж
Хүмүүс түүнийг зүгээр л тэнэг ээ гэж дуудна
Ганц муу морьтой мань тэнэг чинь
Гангийн халуун наранд алдуул адуу усалж
Гар нь нэл цэврүү, хөлсөө урсгаж зогсоход
Гаргуун тэнэг юм гэж, ухаантай улс шагшина
Дуулгаваргүй таван хүүхэдтэй бэлэвсэн авгайд
Дурлаж гарваа өнөөх тэнэг чинь
Жижиг хүүхдийн хувцас сум алгасч эрэхэд нь
Жинхэнэ тэнэг юм гэж, ухаантай улс гасална.
Тэнэг гэж гологдоод мань эрд
Тэнцэх ажил олдсонгүй
Тэмээ малхан хариулж, айл нүүлгэж
Тэр хавьдаа л гарын үзүүр болж,
Буурал толгойтой ч хүүхэд зантай
Бусдад дандаа л тус болох донтой
Хүүе, тэнэгээ гэсэн ч инээж л байдаг
Хүнээс содон хүний үр явлаа
Дуулдаг дуу нь ганц эр бор харцага
Дунд нь ормогц дуундаа уярч уйлна
Эвий юу боддог юм бол доо гэж
Эмгэд хүүхнүүд өрөвдөөд аяга дарсаар шагнана
Тавилын найр өндөрлөж, тэртээ намар
Тал тал тийшээ найрчид тарсан юм
Цээлийн голдоо зартай ганц ерөөлч
Цэцэн Самбууг дагаад өнөөх тэнэг чинь арилж өгвөө
Гэрээс гарсан тэд айл хүрээгүй явтал
Гэнэтийн шуурга тавьж аюул болсон юм
Ерөөлч, тэнэг хоёр сүйд боллоо гэлцээд
Есөн булгийн хяраас арай гэж олтол
Өмссөн хүрмээ ерөөлчид нөмөргөөд
Өөрөө харин амь алдсан байлаа
Өлгийтэй хүүхэд шиг элгэндээ түүнийг тэврээд
Өршөөлд нь ерөөлч дөнгөж л голтой үлдсэн юм
Ерөөлчийг авраад өөрөө үхжээ гэхэд
Ёроолгүй тэнэг хүн ээ дээ гэж ухаантнууд аанай л гайхацгаасан гэдээг.

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг

М.Билэгсайхан
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой,
Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ

Friday, August 3, 2007

Бороотой шүлэг

Бороон дуслууд шиврэх тоолонд
Бодлын манан улам өтгөрнө
Бодол бодлоо шүүн байж
Бороотой шүлэг хэлхэн аядна

Үүлэн нүүж, наран гийвэл
Өндөр тэнгэрт солонго татах
Үгэн цэгцэрч, оюун гийвэл
Өнө эртний туульс санагдах

Wednesday, August 1, 2007

Эх орны минь босго өндөр

М.Билэгсайхан
Эх орны минь босго єндєр
Харийн хvн та шvлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шvv
Монголчууд гэдэг чинь
Намхан нуруутай номхон зантай улсаа гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж єдєржин саатдаг эх орон
Сар дуншиж шєнєжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт очихдоо та даарч мэднэ ээ
Малын арьсаар хийсэн хувцсыг нь авч ємсєєрєй
Дулаахан байдаг юм
Магадгvй бас халууцаж мэднэ
Магнаг єндєр уулсын оргил юунд нь гараарай
Монгол гэрийн босго єндрєє єндєр бєхийж ороорой
Монгол тєрийн цааз хатуу хатуу бvтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс тєртєй мєргєєрєй
Тэгвэл тэнгэр єршєєнє
Тивийн цаадах гvрэнд монгол баярлана
Бие гуа бvсгvйчvvдээр минь нvдээ л хужирлаж яваарай
Би чамд хайртай гэж битгий худлаа хэлээрэй
Аминдаа бол холын хvн та
Амрагаасаа ч илvv хайртай шvv дээ
Монголчууд гэдэг чинь
Бор газар, цэнхэр тэнгэртэй ноён хvмvvс
Босоо цагаан сvлдэн хийморьтой хаан хvмvvс
Унасан газар, харсан тэнгэртэй уян хvмvvс
Уух дарс, суух нєхєдтєй учрал хvмvvс
Дэлхйиг эзэгнэсэн тvvхтэй хvмvvс
Дэрлээд унтах чулуутай хvмvvс
Дэргэд минь учрах ханьтай хvмvvс
Дээлийг минь ємсєх удамтай улсаа
Унаган газартай хvмvvс
Харсан тэнгэртэй гvрэн
Харин хvн та манай нутагт зочилж бай
Харин бид эх орондоо таныг урьсан эзэн байна
Эх хэлээр минь хазгай битгий яриарай
Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
Харин та шvлгийг минь сонсов уу?
Хатуу байгаа биз дээ?
Эх орны минь босго єндрєє єндєр бєхийж ороорой
Эх Монголын минь цааз хатуу хатуу
Бvтэн сонсоорой

Saturday, July 28, 2007

Би сүү

Д.Төрбат
Сүү шүлэг
Ааштай орчлонгийн алган дээр
Аньсага нээхэд ижий байв
Наадамтай зуны гурван сардаа
Над руу шивэрсэн сvv байв
Нvгэлд дальдарч, буяад залбирч
Нvдээ нээхэд ижий байв
Сэрvvн намрын гурван сардаа
Сэтгэл рvv цутгасан сvv байв
Бvдрэхэд цуг шалбарч
Бvлээрэхэд цуг євдєж
Бvдгэрсэн заяаг ариулж урссан
Бvvвэйн дуутай сvv байв
Гал элдэж, тулга тойроход
Гараа тоссон ижий байв
Зvvдэн євлийн гурван сардаа
Зvрх рvv бударсан сvv болов
Жин одтой тэнгэрт цацал оршоож
Жийжvv дєрєєн дээр ерєєл vлдээж
Жил сараар урсаж одсон ижийгээ
Урсаж асгарсан бие сvv
Ундарч урссан би сvv
Шивнэсэн маани, залбирсан чулуунаас
Ширгэсэн хєх, ивэлеэн зvvднээс
Шивэрч эхлээд шируvсч асгарсан Би сvv
Бага насанд минь
Бараан юм байгаагvй
Цочиж сэрсэн зvvд хvртэл
Цалгиж асгарсан сvv
Алдаа минь хvртэл
Алдаж асгасан сvv
Биширсэн сэтгэл минь сvv
Бичсэн шvлэг минь сvv
Билиг авьяас минь сvv
Би єєрєє сvv
Дэлхий анх эргэхэд
Дэвсэж єгсєн эхийн сvv бий
Дээдэс анх тєрєхєд
Дэнсэлж хєхvvлсэн эхийн сvv би
Сvлд шvтсэн сvvн ижээс
Сvv шиг урссан хvv би
Сvv явсаар дуусна
Сүлж явсаар уусна
Хvvхэд чинь тєрєхєд
Хадагтай байх сvv би
Хvv чинь гэрлэхэд
Хамтдаа байх сvv би
Ирэхийн чинь бараанаар
Инээд алдан асгарч байдаг би сvvн бороо
Итгэхийн чинь заяанаар
Ирмэж алслан задарч байдаг би сvvн гялбаа
Мєчєєрхєл анх vvсэхэд
Мєємєндєє гашлаагvй цагаан сvv би юм
Аз ихэрлэхийн цагт
Алд хадган дээр залаарай, тэр чинь би
Амьсгал огтлохын цагт
Аягалж амсуулаарай, тэр чинь би
Би сvv
Дэлгэж барьсан хадагны чинь
Зол баярыг хуваалцах, би сvv
Дэрлэж унасан чулууны чинь
Зовлон гунигийг хуваалцах, би сvv
Би сvv
Хучиж унтах шороонд чинь
Хур даллан шиврэх би сүүн цацал
Хувилж тєрєх одонд чинь
Хувь заяа шивших би сvvн тахил
Бишрэл сvжиг минь сvv
Билэг авьяас минь сvv
Бичсэн шvлэг минь сvv
Бие сэтгэл минь сvv
Би єєрєє сvv
Харанхуйг гэрлээр сvлнэ
Хагацахуйг учралаар сvлнэ
Харамсахуйг баяраар сvлнэ
Хан орчлонг єєрєєрєє сvлнэ
Би сүү

Thursday, July 26, 2007

Харшлыг яах вэ?

Мод ногоорч зун болов. Зун болж нар шарав. За тэр нар шарах гэснээс нарны харшилтай гэсэн улсууд бас хаа сайгүй байнаа. Наранд уул нь нимгэн шиг хувцастай явмаар байдаг. Гэтэл биений ил гарсан хэсгүүд нь загатнаад улайчихна, нарны харшил гэдэг нь тэр юм байхаа. Өвс ногоо гарах ч уул нь сайхансан, гэтэл бас л хамар амаа дарсан, нүднээс нь нулимс гоожсон улсууд таарнаа. Ногооны харшилтай гэнэ. Ялангуяа шарилж, лууль бол хамгийн их харшил хөдөлгөдөг юм байна.
Энэ харшил гэдэг өвчин чинь орчин үед их өргөжөөд, дэлгэрээд байгаа өвчин юм байнаа.
Эм тарианы харшилтай л гэнэ,
элсэн чихрийн харшилтай л гэнэ,
шар будааны харшилтай л гэнэ,
цагаан гурилны харшилтай л гэнэ,
пеницциллиний харшилтай,
бензиний харшилтай,
халууны харшилтай,
хүйтний харшилтай,
махны харшилтай,
талхны харшилтай,
айрагны харшилтай,
ааруулны харшилтай.... гээд ер нь харшилгүй юм алга болжээ.

Цаашилбал амьгүй биетэд бус амьд биетэд харшилдаг байна.
Нохойны харшилтай, муурны харшилтай, хулганы харшилтай, тахианы харшилтай, гахайны харшилтай... хүмүүс байнаа.

Бүүр цаашлаад хүн бас хүндээ харшилдаг байна.

Айлын эхнэрүүд аальгүй хүүхний харшилтай
Аальгүй хүүхнүүд мөнгөгүй эрчүүдэд харшилтай
Адуу манасан хүүд чоно харшилтай
Адайр зантай бүсгүйд эрчүүд харшилтай
Үхэр унасан хүнд нохой харшилтай
Үнэн үг хэлсэн хүнд хүн харшилтай
"Үүр цайх"-д хулгайч харшилтай
"Өглөө болох"-д амрагууд харшилтай
"Үс цайх"-д хүүхнүүд харшилтай
"Өрөө нэхэх"-д зээлдэгчид харшилтай
Арвин гишүүн Гүндалайд харшилтай
Алт ухагчид Байгаль орчинд харшилтай
Гүндалай гишүүн Нямдоржид харшилтай
Гүн авилгачид Монголчуудад харшилтай... гэх мэтээр цуварсаар л....

Энэ өвчнийг яаж эмчлэх вэ, царцааны бэлдмэл, цайны ханд, хлорфенамин, хоолны дэглэм хэрэглээд тусыг эс олж байна шүү наана чинь.

Намайг тоогоогүй эх орон

Лхагвасүрэнгийн Хасар

Намайг тоогоогvй эх орон

Тохойн чинээ би Ирлээ гэж чарлахад
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Эх орондоо уйлж хайртай болсон
Энд тэнд гишгэлж
Євдєгєє шалбалахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Нулимсаа дотогш нь залгилж
Эх орондоо инээж хайртай болсон
Эмээлт морин дээрээс унахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Товгор мєнгєн дєрєєг дахин дєрєєлж
Эх орондоо би дvvлж хайртай болсон
Атаа хорсол сvvдрээс минь том болж
Аргаа барж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Энэ юу ч биш
Эхийн сvv байхад гэж чивчирч
Эх орондоо би дуулж хайртай болсон
Халуун амьдралын тохуутай нугачаанд
Хагацаж учирч явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Толгой бєхийхийн тулд Заяагаагvйг ухаарч
Эх орондоо би хайртай болсон
Уруулыг нь салхи л vнссэн охинд
Ухаан элийрэн дурлаж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам би
Модны мєчир хvртэл
Хайрлахын амьсгаанд ургадгийг анзаарч
Монголдоо би vхэн хатан хайртай болсон
Ижил олон vр нь Цагийг залгаж тєрдєг юм чинь
Эх орон минь тоохгvй байхад яадгийм
Ийм эх орон бидэнд Дахиад заяахгvй юм чинь
Хайртай байхгvй яахийм
Энэ бие минь
Олон олны нэг тоо
Эх орон минь
Орчлон их дайдад Ганц тоо

Tuesday, July 24, 2007

The loser makes all

Энэ үгийн утгыг блогтоо оруулмаар санагдлаа.

Англи Франц Америк, Швед Ирланд зэрэг олон орны Академийн гишүүн, Оксфорд, Париж, Харвард зэрэг олон орны их сургуулиудын хүндэт доктор, Оросын академийн гишүүн И.М Гельфандийн Квант сэтгүүлийн 1989 оны №1 дугаарт хэвлэгдсэн нийтлэлийг математикч Б.Баясгалангийн орчуулж, Олонлог сэтгүүлийн 1996 оны №1 дугаарт хэвлүүлсэн байснаас иш татав

Грэхэм Гриний нэгэн роман "The loser makes all" буюу "Хожигдсон нь бүгдийг олно" нэртэй. Миний математик намтар гайхалтай азтай байсан бөгөөд олон жилийн турш дээрх хэллэгийн биелэл болж байлаа. /И.М.Гельфанд/

The loser makes all хэллэгийн утгыг Английн өөр нэг зохиолч Сомерсот Моэмийн өгүүллэгээр тайлахыг оролдоё.
Уг өгүүллэгийн гол баатар болох сүмийн үйлчлэгч нэгэн бээр сүмийн албан хаагчдын түвшин тогтоолтоор бичиг үсэггүй нь мэдэгдэж, ажлаасаа хөөгдөн азгүйтдэг байна. Тэр тамхи худалдаалагчаар эхлэн удалгүй тамхины мухлагтай болж, дараа нь олон мухлаг зэрэг ажиллуулж, арилжааны гялалзсан амжилт олж хотынхоо хамгийн баян хүн болсноор үл барам уг хотын захирагчаар сонгогджээ. Нэгэн удаа түүнээс сурвалжлагч ярилцлага авахад бичиг үсэггүй гэдэг нь илэрчээ. Гайхсан сурвалжлагч, та хэрвээ бичиг үсэгтэй байсан бол ямар өндөрлөгт хүрсэн байх бол хэмээн бахдан халаглахад, Би сүмийн үйлчлэгч л байхсан гэсэн хариултыг нэн даруй сонссон гэдэг.

Monday, July 9, 2007

Сайхан наадаарай

Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог

Тэнгэр заяат Монгол түмний минь
Дэвсэн бөх нь даваатай
Уясан хүлэг нь түрүүтэй
Тавьсан сум нь цэцтэй
Цэнгэл баяраар дүүрэн,
Тэнүүн сайхан наадаарай

Sunday, July 8, 2007

Шүлгүүд

Би энд хуучны нэг номон дээр бичсэн шүлгүүдээс хэдийг нь блогтоо орууллаа
Х.Лхасүрэн

Хүүхнүүдийн араншин гэж

Хөөрөөд суухад хөөдөггүй атлаа
Хөөцөлдөөд гүйхээр ороолоод л байдаг.
Суугаад байхад хөөдөггүй атлаа
Сураглаад очиход зугтаад л байдаг
Хүүхнүүдийн араншин гэж

Яараад байхад суугаач гэдэг
Яриад суухад яваач гэдэг
тэврээд үнсэхэд болиоч гэдэг
Тэрлэгээ нөмрөхөд үнсээч гэдэг
Хүний араншин гэж...
* * *
Н.Нямдорж
Хайртаагаан үнэнч гэж
Хамаагүй ам гарахгүй ээ
Халуун сайхан сэтгэлийг нь
Харлуулж бас гутаахгүй ээ
Эхнэрийн минь хэр үнэнчийг
Эвтэйхэн батлах улс
Эзгүйчлэх дуртай эрчүүд билээ.

* * *
Ш.Цогт

Дэндүү хайртай чи минь
Дездемон шиг ариухан төржээ
Огцом зантай би чинь
Отелло шиг гэнэн харджээ
Янаг сэтгэлийн минь хооронд
Яго шиг нөхөр оржээ.
Чин дурлалын тайзан дээр
Шекспирийн эмгэнэл тогложээ.

* * *
Ц.Гайтав
Согтуугийн гай

Дарс балагтай
Дараа нь халагтай
Согтуу хүн
Сохортой адил
Хашаагаа олбол
Хаалгаа олохгүй
Хаалгаа олсон ч
Гэрээ олохгүй
Гэрээ олбол
Ороо олохгүй
Ороо олбол
Дэрээ олохгүй
Дэрээ олбол
Дэргэдэхээ олохгүй
Дэргэдэхээ олбол...
* * *
Х.Сампилдэндэв

Хүчийг нь дагуулах гэж хүлээсээр
Хүний мэхэнд унах бөх ч бий
Өргөж хаяна гэж яарсаар байгаад
Өөрийнхөө мэхэнд ойчих бөх ч бий.

Saturday, July 7, 2007

Гологдсон сэтгэл

Салхины аясаар сэрчигнэх моддын доор зугаалж байлаа
Саарал орчлонгийн өнгийг чимэн ургасан модод байлаа
Санан санасан хайрын үгийг шивнэн хэлсэн учрал байлаа
Салгуун холоос ч гэсэн хүлээнээ гэсэн амлалт байлаа
Сар жилүүд алслан одлоо
Салаа замын учрыг оллоо.
Чамайг дэндүү санаснаа нуух гэж би утсаа тасаллаа
Чамд дэндүү гомдсоноо дарах гэж би худлаа инээлээ
Бүжгийн талбайд өнжсөн үдшийг би дурсан саналаа
Бүхэл шөнийн зүүднээсээ чамайг би хайлаа
Ганцхан л чамдаа хайртай байсан юм шүү гэж шивнээд
Гансрах зүрхний чанадаас чамайг би авч хаялаа
Гомдсон зүрх хоосорсон байлаа
Гологдсон сэтгэлийн манан хур болон буулаа.

Амжилт

Амжилт болгон зөвхөн эзнийхээ л бүтээл байдаг. Та бусдын бүтээсэн бүтээлүүдийг худалдан авч чадна, гэвч бусдын амжилтыг худалдан авч чадахгүй. Амжилтыг та өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүтээхээс өөр аргагүй юм. Хөлс хүч зарцуулахгүйгээр босгосон нэг ч барилгыг та олж чадахгүй.
Та хэзээ ч нойргүй хонож байгаагүй бол амгалан унтах өдрийг олж үзэхгүй.
Хэрвээ та далайн ёроолд хэвтэх сувдан чулууг өөрийн болгохыг хүсч байгаа бол аюул тохиолдож болох гүнд шумбах эрсдлийг ч даван туулах хэрэгтэй юм.
Таны бичиж буй зүйлс маш энгийн байсан ч гэсэн Теодор Драйзерийн зохиолууд шиг мянга мянган хүн уншина гэж бичих хэрэгтэй. Маш энгийн зүйлийг ярьж байсан ч Мартин Лютер Кингийн илтгэл шиг бусдын санаа бодлыг байлдан дагуулна гэж бодох хэрэгтэй.
"Сэтгэ, амжилтанд хүр" номноос иш татав.

Үнэлэмж

Саяхан даа, айраг ярихаар арааны нь шүлс ялгардаг 1 ах маань хөдөөнөөс ирвээ. Яахав дуртай юм болохоор айргаа ярьж байх юмаа. Би ч уул нь нэг их айрганд дурлаад байдаггүй л дээ. Гэхдээ л арааны шүлс гоожоод ирлээ шүү. Үгүй хөөе, байвал бараг булаацалдаад ч хамаагүй уумаар санагддаг байна шүү. Инээдтэй юм. Үгүй, тэгээд айргийг саваар нь авчирж ирээд тавьчихсан байвал ганц хулыг байтугай, ганц стаканыг ч давуулж чадахгүй байх шүү. Ховрын юмаа гэж.
Бидний эцэг эх урьд баавгайтай чихэр гэж байж билээ. Мөнчиг сайхан амттай шүү гээд л их ярьдаг даа. Гэтэл тэр бүү хэл олон төрлийн чихэр, шоколад орж ирэх юм даа, одоо ч. Гэхдээ амт нь тэр үеийн баавгайтай чихрийг гүйцэхгүй шүү гэж ярихыг нь нэг бус удаа эмээ өвөөгөөсөө сонссон юм байна. Тэр үед ганц амттан нь байсан юм болохоор тэр юмуу даа. Ховрын юмаа гэж. Амттанууд ихсэх тусмаа бид амтыг нь мэдрэхээ болиод байна уу.
Хонгилдоон кино нэг хэсэг хүүхдүүдийг байлдан дагуулж байлаа ш дээ. Хүүхдүүд нинжа болж тоглоод л толгойгоо далдлаад л аймаар тоглож байсийм биш үү. Тэхдээ энэ нь тэр киног жинхэнэ дурлаж, мэдэрч, ойлгож, бүүр киногоороо амьсгалж үздэг байсан юм болуу. Гэтэл одоо мянга мянган кинонууд гарч байна. Харин тэгж их дурлаж үзэх нь юу л бол доо. Ховрын юм аа гэж. Кинонууд ихсэх тусам бид киноны амтыг мэдрэхээ болиод байна уу.
Хэдхээн жилийн өмнө л мэдээлэл шаардлагатай мэдээллээ олоход хэцүү байсан сан. Одоо ч мэдээллийн технологи харьцангуй хөгжөөд өөр болж дээ. Олон сонин ном, сэтгүүл, site-ууд байна. Хүссэн мэдээллээ авч болно. Хэдэн зурагтын сувгаар мэдээнүүдийг нь цувуулаад оройжингоо үзчихсэн ч болж л байна. Гэхдээ мэдээлэл ихсэх тусмаа үнэ цэнэгүй болж байх шиг. Гэвч энэ бол яахын аргагүй зах зээлийн хууль л даа. Хэн илүү чанартай мэдээлэл хүргэнэ. хэрэглэгчдийг татна. тэр ашиг олно.
Аливаа юм ихсэх тусам хүмүүс түүнээс сайныг нь олж харахад, мэдрэхэд хэцүү болох юм даа. Гэвч гуульны дундаас алт ялгарна. Харин үүнийг ялгах нүдийг минь хааж, чихийг минь таглах гэсэн оролдлогыг ямар ихээр үзэн яднам бэ.

Thursday, April 5, 2007

Чалчаа

Сайн уу, сонин юу байна даа. ажил сайн уу. Ажил гэснээс би ёстой ажилдаа дарагдаад явж байна. Дарагдах гэснээс саяхан даа, алт ухаж байсан хүмүүс шороонд дарагдчихсан байна ш дээ. Шороо гэснээс шороо босоод сүүлийн үед их шуурч байна аа. Шуурга шуурга, шуургаа гэж Энэ хүүхнүүд үү кинон дээр гардаг байхаа. Кино гэснээс сая нэг кино үзлээ гэж бодсон чинь кинон дундуур реклам үзчихэв үү, реклам дундуур кино үзчихэв үү, ерөөсөө ойлгосонгүй, Ойлгосонгүй гэснээс ойлгомжгүй зүйл их болчоод байнаа.

Хэдэн бацаанууд нь дуулаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг, Хэдэн гишүүд нь хэлэлцээд ч байгаа юм шиг хэрэлдээд ч байгаа юм шиг...........шиг шиг

Шиг шиг гэснээс Равжаа хутагтын Ичиг ичиг шүлэг санаанд орчлоо.
Аяа бас буян хураасангүй насажсан хөгшид ичиг ичиг
Аяа бас сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг ичиг
Аяа бас номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй эрдэмтэд ичиг ичиг
Аяа бас төрийг цуугиулагч түшмэд ичиг ичиг.................

Ичиг ичиг гээд байсан чинь ишиг ишиг гэмээр ч санагдчихлаа. Ишиг ишиг чи яагаад цэв цэнхэр болсон юм бэ, цэлмэг өдөр төрсөн юм чинь цэнхэр байх нь аргагүй шүү дээ гээд дуулсан чинь би яг цэнхэр ишиг хараагүй юм байнаа. хараагүй гэснээс хараагүй үзээгүй, мэдээгүй, сонсоогүй дуулаагүй зүйлс их байнаа. Дуулах гэснээс эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг дуулна гэдэг байхаа. нэгийг гэснээс нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэдэг бил үү. Нийт гэснээс олон нийтийн газар олигтойхон явмаар байнаа хүмүүсээ, явах гэснээс хотын гудмаар алхаж ээ явлаа, хот гэснээс хот дунд хог байгаад байна уу, хогон дунд хот байгаад байна уу. Ерөөсөө ойлгосонгүй. Ойлгосонгүй гэснээс ойлгомжгүй зүйл их болчоод байнаа.........................

Wednesday, April 4, 2007

Бодол минь

Би бодол бодлын манан дунд төөрч амьдарнам
Би бодол бодлын манхан дунд бэдэрч амьдарнам
Би бодол бодлын эргүүлэгт живж амьдарнам
Би бодол бодлын харгуйгаар тэнүүчилж амьдарнам

Бодол чи намайг хааш нь чангааж
Бодол чамайг би хааш нь татна вэ?
Бодсон бодлыг минь хэн ч булааж авахгүй
Бохирдсон таваг шиг угаачихаж чадахгүй
Надад байгаа ганц эрх чөлөө
Надаас авахгүй ганц баялаг аа миний бодол

Өөртөө байгаагаас ихийг бодвол мөрөөдөл болно
Өрөөлд байгааг авахсан гэж бодвол шунал болно
Өөрийн болоод бусдын үйлдлийг дүгнэж цэгнэвэл эргэцүүлэл болно
Өөр шинийг хийхсэн гэвэл хүсэл болно
Өнөөдөр маргааш амжуулнаа гэвэл төлөвлөгөө болно
Өөрийн сэтгэхүйд зураг зурвал төсөөлөл болно

Би юуг ч бодож болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч төсөөлж болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч мөрөөдөж болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч эргэцүүлж болноо, миний л эрх чөлөө

Бодол санааны бяцхан атлаа агуу том ертөнцдөө
Боол нь байх уу Хаан нь байх уу бас л миний л эрх чөлөө

Sunday, April 1, 2007

Оготны төлөө төр

Цэцгэнд дунд нь тоглож өссөн цээний талаа эргээд хар даа. Гантай зун ч урсгал нь голынхоо дэргэд эргээд ир дээ.
Естой л нөгөө Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун уснууд, хүн малын ундаа болсон горхи булаг рашаанууд минь жилээс жилдээ дундарсан жирмийн цагаан нуураа гэж дуулдэг шиг л жилээс жилдээ дундраад байна уу даа. Юун нөгөө урсгал нь татраагүй Онон, Тунгалаг тамир, Орхон Сэлэнгэ Чулуут минь дээ. Ширгээд дуусах гээд байна шүү дээ.
Ус байхгүй болохоор ургамал байхгүй. Ногоорч найгах модод байхгүй, цэцэг навч байхгүй, малын хошуу хүрэх өвс байхгүй. за тэгээд ан амьтан байхгүй . . .
Нэг л өглөө та босоод крантаа нээлээ, ус байхгүй, хоолой чийглэх шингэн үгүй, аяга таваг чинь халтайгаад, авдаг цалингаа импортын цэвэр усанд өгөх цаг ирчих нь холгүйхэн байна аа.
Гол усны түвшин багасч байгааг олон л шалтгаанаар тайлбарлах байх л даа. Гэхдээ хүн биднээс хамаарсан шалтгаан хамгийн их нөлөөлсөн болов уу.
Хамаг л голын ай сав, судал дагуу газруудад алт гэдэг өнөөх айхтар эрдэнэ нь байдаг юм болохоор түүнийг авах гэж бүх гол мөрнийг минь ширгээгээд, хөрсийг нь орвонгоор нь эргүүлээд хаяж байнаа.
Ард иргэд нь тэмцвэл авилга өгөх гээд хичээнэ, авахгүй гээд гэдийчихвэл, ална шүү гээд дарамтална. цөөхөн хэдэн нутгийн иргэдийн хүч мөхөс, чадал бага байна. Ядахнаа алтны компаниуд нь алтыг нь аваад авдрыг нь хаях бус жаахан ч гэсэн сэргээгээд орхидог бол зүгээрсэн дээ.
Өнөөдөр бид нар хэдэн төгрөг илүү олоод /алтны борлуулалтаас/, ирээдүй маань усгүй байх нь дээр үү эсвэл гэдгийг бодсоон гэж л найдья даа.
За за төрийн төлөө оготно боож үхэв гэгч болох нь уу даа. Гэхдээ уул нь оготныхоо төлөө төр нь байдаг бишсэн билүү дээ.

Утаанбаатар минь

Нүүрсний утаа боргилсон хотын захын гэр хороололд төрсөн би
Нүүгэлтсэн их хотоо өлгий минь л гэж бодох юм даа
Цэнхэр манан суунагласан алсын барааг ширтээд
Чихэлдсэн энэ л хотоо сэтгэл хямран харахад
Үлээж байгаа утаа хайраад ч байгаа юм шиг
Өршөөл хүссэн хүмүүс нь уймраад ч байгаа юм шиг
Ээ дээ хэцүү санагдахад элэг зүрх минь шархирч
Хосгүй гунигийн нулимс хоёр нүдийг минь бүрхдээг.

/Ч.Чимид найрагчийн "Би Монгол хүн" шүлгийн зарим мөрүүдийг өөрчлөв. Энэ шүлгийг бичиж байхдаа ингэж өөрчлүүлнэ гэж бодоогүй л байх даа. Уучлаарай./

Monday, March 26, 2007

Шон ба болжмор

Шон дээр болжмор сууна
Бороо орж байна
Болжмор норж байна
Болжмор даарч байна
Шон ч норж байна
Шон дэвтэж байна
Нар гарч байна
Болжмор баясч байна
Шон хатаж байна

Шон ч болжмор ч хатаж байна
Шон ч болжмор ч гандаж байна

Болжмор нисэж байна
Болжмор жиргэж жиргэж
Дахиад нэг шон дээр суулаа

Шон үлдэж болжмор явна
Болжмор үлдэж шон унана

Яваад л өгнө

Хэзээ ч би чамд хайртай гэдгээ хэлэхгүй
Хэн нэгний харцнаас чамайг би харамлахгүй

Араас минь дуудахгүй бол эргэж харахгүй
Амрагийн дууг аялаад яваад л өгнө
Гараас минь барихгүй бол зогсож хүлээхгүй
Галын дөл шиг бадраад л өнгөрнө

Харцаараа аргамжихгүй бол холдоод явчихна
Ханзарч байгаа цас шиг урсаад замхарна.
Хайраараа аргадахгүй бол буцаад л явчихна
Хаврын салхи шиг шуураад л арилна

Навч шиг хийсээд өгнөө
Шувуу шиг буцаад ниснээ
Цэцэг шиг дэлгэрээд л өнгөрнөө
Ус шиг урсаад л өнгөрнөө Миний дурлал

Хэзээ ч би чамайг хараагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хайгаагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хайрлаагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хүлээгээгүй юм шиг

Хэзээ ч би чамд хайртай гэдгээ хэлэхгүй
Хээрийн омголон салхи шиг хийсээд л одчихноо

Хүндтэй идээг хүндэлж хүртэх нь

Эдийн дээд хадаг, идээний дээд архи гэдэг. Архи гэдэг бол аяхын аргагүй хүндтэй бөгөөд хүндэлж хүртүүштэй идээ юм.
Саяхандаа, аль сувгаар гэдгийг сайн мэдэхгүй байна, 2 ч удаа гарсан санагдаж байна, Архи гэдэг идээний тухай Б.Лхагвасүрэн гуай ярьж байсан. Их зөв зүйтэй, санаа авууштай зүйл ярьж байсан л даа.
Архи гэдэг бол хүний араншинг харуулдаг, өөрчилдөг идээ. Хөлгүй хүнийг хөлтэй болгож, хөлтэй хүнийг хөлгүй болгож, хэлгүй хүнийг хэлтэй болгож, хэлтэй хүнийг хэлгүй болгодог, хашгируулдаг, уйлуулдаг, догшруулдаг, инээлгэдэг идээ.

Манай ард түмэн дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж амс, жар хүрээд жаргаж уу гэж зүгээр нэг хэлээгүй байхаа. Гэтэл дөч хүрэх нь байтугай дөчийн талыг ч наслаагүй балчир хүүхдүүдээс эхлээд хөгшин хөвөө, эрэгтэй эмэгтэйгүй энд тэнд араа шүдээ хавиралдан арзас ярзас хийгээд л унаж тусаад л архинд дарлуулчихсан араншингаа алдчихсан явах юм. Даанч харамсмаар.

Өнөөгийн нийгэмд архи бас тодорхой үүрэг гүйцэтгээд байх шиг байнаа.
1. Стресс тайлах
2. Чөлөөт цагаа өнгөрөөх
3. Ажлаа гүйцэлдүүлэх
өөр бас олон үүрэг байгаа байх л даа.

Нийгэм бухимдалтай, ажилгүй, мөнгөгүй хэцүү байгаа нь байгаа л даа. Гэхдээ энэ стресийг заавал архиар тайлах хэрэг байна уу. Нэг шил архи уухын оронд нэг шинэ юм хийе гэж нэг юм хийж, мөнгө олъё гэж бодмоор байна.

Залуусын, яахав залуус ч гэлтгүй хүмүүс ер нь чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх газар ховор юмуу, нэг бол ерөөс тэр газрыг нь бид сонгохгүй байна уу. Баарны найз болчоод Баасан ахын төрсөн өдрийг дандаа тэмдэглэх хэрэг байна уу. Түүний оронд салхинд гарах, спорт, урлагын болон хөгжөөнт, танин мэдэхүйн, ажил хэргийн ч тэмцээн уралдааныг зохион байгуулж болно шүү дээ манай байгууллагууд.

Хэн нэгнийг найрах, болохгүй асуудлаа болгох, өөрийн талд ашигтайгаар шийдүүлэхэд бас энэ идээ хэрэг болоод /хэрэг болох ч юу байхав, тийм зорилгоор ашиглаад / байнуу даа гэж бодогдох юм.

Ер нь хэн нэгэн хүн сэтгэлийн гунихрал, баяр баясалаа архиар дандаа тайлах хэрэггүй, бас тэрийг хамт тайлалцах гэж архи уух нь ч хэрэггүй юм шигээ.
Ер нь архийг биш, архи уусан хүнийг бус архи уухыг бүгдээрээ үзэн ядъя гэсэн үг надад их таалагдсан.

Архи гэдгийг манайхан хэлдэг юм л даа. за бараг насаараа л архи уулаа, Хор болсон юм алга, элэггүй болбол болохоор л боллоо гэж. за яахав байж болох л юм. Үүнийг Б.Лхагвасүрэн гуай хэлж байсан юм, Архи бол биеийг гэхээсээ сэтгэлийн амар амгаланг үгүй хийгч идээ, тархийг устгагч идээ гэж, энэ бол яахын аргагүй үнэн үгээ.
Нэг талаасаа архи тархинд гарч хүний мэдрэлийн системийг өөрчилж, улмаар донтуулж сэтгэл мэдрэлд нь нөлөөлдөг, нөгөө талаасаа архи уусан, агсам согтуу тавьсан хүний ойр орчимд дандаа амгалан тайван бус байдал бий болж байдаг.
Ийм учраас яахын аргагүй тархины дайсан юм.

Архи гэдэг идээ аманд орохдоо алтан хулгана мэт, амнаас гарахдаа арслан барс мэтээ.

Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа
Азгүй хүнээ дээ би
Аманд багтдаг байсан тэр жаахан хөл нь
Алтан дэлхийг онож ядан тэнчигнэнэ.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай..
Аавыгаа чи лав 2 болгон харж байгаа
Нэг нь үхэхэд нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа....

Лхагвасүрэн найрагчийн шүлгийн хэсгээр Хүндтэй идээг хүндэлж хүртэх талаар үзэглэснээ өндөрлөе.

Би 4 улирал

Би бол хавар

хөдөө хээрт цангинах төлийн дуу шиг
хөхрөх уулсдаа ногоорох модод шиг
цөнгөө түрсэн нуур шиг
цөөрмөө санасан шувуу шиг
Би бол хавар

Би бол зун

Инээж байгаа нар шиг
Эвшээж байгаа солонго шиг
Дэлгэрч байгаа цэцэг шиг
Дэвэрч байгаа сүү шиг
Би бол зун

Би бол намар

Шарлан унах навч шиг
Шаагин асгарах буудай шиг
Сэвшин үлээх салхи шиг
Сэрүү татах айраг шиг
Би бол намар

Би бол өвөл

Бударч орсон цас шиг
Будан татсан уулс шиг
Хайрч байгаа жавар шиг
Хагдарч байгаа өвс шиг
Би бол өвөл

Sunday, March 25, 2007

Би үл мэднэ

Жаргаж байна гэтэл зовж байж болох
Зовж байна гэтэл жаргаж байж болох
Инээж байна гэтэл уйлж байж болох
Уйлж байна гэтэл инээж байж болох
Тусалж байна гэтэл усалж байж болох
Усалж байна гэтэл тусалж байж болох

Сайн үйлийг бүтээж байна гэтэл, саарыг хийж байж болох
Саар үйлийг хийж байна гэтэл, сайныг бүтээж байж болох

зүүдэлж байна гэтэл, сэрж байж болох
сэрж байна гэтэл, зүүдэлж байж болох
Гавъяа байгуулж байна гэтэл гай тарьж байж ч болох
Гай тарьж байна гэтэл гавъяа байгуулж байж ч болох

Ай даа би яахан мэдэх билээ
Амьдрал чиний аашийг хэрхэн олох билээ.

Thursday, March 22, 2007

Харилцаа

Харилцаа гэж юу вэ? Шинжлэх ухааны үүднээс их л олон тодорхойлолтыг өгсөн байдаг юм билээ.
Гэхдээ энгийнээр харилцаа бол хүний бүхий л үйл ажиллагаа юм уу даа.
Энэ бол хүний хөгжлийн төлөвшлийн, амьдралын, амжилтын үндэс юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харилцаа нь нэгтгэн холбох, төлөвшүүлэх, солилцох гэх мэт үүргүүдтэй байдаг юм байна.

Төлөвшүүлэх үүрэг миний сонирхлыг их татлаа. Энэ үүрэг нь хүний хөгжил төлөвшлийн үндэс юм уу даа.
Харилцааг анх санаачлан бий болгож байгаа хүн элэгсэг дотно, хүндэтгэсэн харилцааг бий болгох хэрэгтэй юм байна.

Том сэдвээр өчүүхэн санааг тэрлэлээ.

Wednesday, March 21, 2007

Бороо орж байна

Өнөөдөр гадаа бороо орж байна. Чийг үнэртээд ямар сайхан юм бэ? Сая ажлынхаа 2-той хоолонд орчоод алхаж байхад ингээд сайхан агаар амьсгалаад газар бороонд нороод алхаад баймаар л санагдаж байсныг нуух юун. Даанч ажлын цаг араас түлхээд болдоггүй ээ.

Бид нар жаахан байхдаа бороо бороо ороорой оросын маамаа ирээрэй гээд л хөөрдөг байж билээ. /За бараг тэгж хөөрөх дөхлөө/

Ээ дээ хурмаст тэнгэр минь хураа хайрлаж, газраа дэвтээж байгаасай даа. Өдийд орсон хурыг ч хамгийн хэрэгтэй эд л гэдэг юм билээ дээ.

Зөв зүйлийг зөв хийе

Саяхан манайд багийн менежментээр багахан хэмжээний сургалт явагдлаа л даа. Менежер хүн бол юмыг яаж зөв хийхийг, Манлайлагч хүн бол зөв зүйлийг хийхийг хичээдэг гэсэн нэг санаа яригдсан юм.
Тэхээр зөв зүйлийг зөв хийх хэрэгтэй нь харагдаж байгаа биз.
Зөв зүйлийг зөв хийж чадвал бид амжилтанд хүрнэ. Зөв хийхийн тулд бас зөв зүйлийг хийхийн тулд багагүй хичээл зүтгэл, оролдлого хөдөлмөр хэрэгтэй байх байх л даа.

Бүх зүйлс 2 дахин бүтээгддэг гэж.
Бид аливаа үйлдлийг ухаараад төсөөлөл бий болж, ухамсарлаад тэр үйлдлийг хийдэг.
Гэтэл бид Аливаад шууд хариу үйлдэл үзүүлэх нь их байдаг шүү дээ. Хэн нэгэн рүү шууд уурлах, бухимдах гэх мэт.
Тэхээр аль болох, өөртөө ухамсарлаж бодоод, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй юм байна.

Бүтээе

Үг болгон үнэн байдаггүй ч
Үйл болгон зөв байдаггүй ч
Хүн болгон сайн байдаггүй ч
Хүлэг болгон хурдан байдаггүй ч

Мөрөөдөл бүхэн биелдэггүй ч
Мөхсөн бүхэн сэргэдэггүй ч
Харсан бүхэн баригддаггүй ч
Хайсан бүхэн олддоггүй ч

Үг бүхнээ үнэн хэлж амьдаръя
Үйл бүхнээ зөв хийж амьдаръя
Хүн болгон санаа сайтай амьдаръя
Хүссэн зүйлээ бүтээж амьдаръя

Мөрөөдөл бүхнээ биелүүлж амьдаръя
Мөнхийн хайрыг түгээж амьдаръя
Хайсан бүхнээ олж амьдаръя
Хамгийн гол нь бүтээж амьдаръя

Tuesday, March 20, 2007

Инээгээрэй

Элгээ хөштөл инээгээрэй
Эвхэрч унаад инээгээрэй
Амаа ангайлгаад инээгээрэй
Айхтар чангаар инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй
Өнгө өнгөөр инээгээрэй
Өөр өөрийнхөөрөө инээгээрэй
Нулимсаа гартал инээгээрэй
Нуруугаа хөштөл инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй
Нүүрээ дүүрэн инээгээрэй
Нойроо сэргэтэл инээгээрэй
Гараа саваад инээгээрэй
Хөлөө дэвсээд инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй

Ажлынхандаа шинэ өдрийн мэнд хүргэе

Та нартаа шинэ өдрийн мэнд хүргэе
Өглөө бүхэн, өдөр бүхэн шинэ байдаг
Шинэ өдөрт шинийг хийж шинийг бүтээгээрэй

Бүтээлч, ажилсаг бас элэгсэг дотно та нартайгаа хамт ажиллахад их урамтай байдаг шүү.
Та нарыгаа хүндэлж хайрладаг шүү.
Бид тэр болгон энэ үгийг бие биендээ хэлээд байж чаддаггүй шүү дээ.

Мөн энд нэг үгийг хэлмээр санагдлаа.

Хийх дуртай зүйлээ хийх нь зугаа цэнгэл төдий
Хийж байгаа ажилдаа дуртай байх нь аз жаргал гэж

Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА, ХЇМЇЇС ЭЭ!
Амьддаа бие биеэ хайрла хїмїїс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггїй їгийн зэвээр зїрхийг минь бїї шархлуул,
Хэн нэгийгээ харанхуй нїх рїї битгий тїлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бїї инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шїї!
Амжиж, чи єєрєє алдрын зэрэгт хїрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж єг,
Ачийг чинь тэд бїї мартаг!
Ганц сайхан їгээр дутаж яваа хїнд
Гарцаагїй тїїнийг нь олж хэл!
Гадаа нартай ч, гэрт хїйтэн єдєр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хєвгїїнийг
Чанга хатуу їгээр битгий гомдоо, бїсгїй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла,
Чамаас сайхан хїїхэнд ч дурлаж болох шїї
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр їг хїртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хїртэл нэг янзаар бємбєрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бїсгїйн доголон нулимсыг асуулгїйгээр арчиж єг,
Бїдэрч унасан хїїхдийг дээр єргєн аргад!
Єнєєдєр чи инээж, нєгєєдєх нь уйлдаг ч,
Єєр нэг єдєр чи гуньж, цаадахь чинь дуулна
Єлгий, авс хоёрыг хїн бїхэн дамждаг болохоор
Єєр юу ч хэрэггїй, бие биеэ л хайрла!
Єргєн хорвоод хїн хайраар л дутаж болохгїй!
Аз жаргалыг би, хїний сэтгэлийн галаар тєсєєлдєг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тїгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хїлээхийн нэр гэж ойлгоном.

Өнөөдөр дэлхийн яруу найрагчдын өдөр. Энэ өдөрт хүн бүхний унших дуртай, уншиж, сонсвол зохих манай нэртэй яруу найрагч О.Дашбалбарын дээрх шүлгийг блогтоо оруулмаар санагдсан юм.

Би амьдарч байна

Би сэрж байна
би босч байна
би явж байна
Би алхаж байна.
би гүйж байна.
би зогсож байна
би хөдөлж байна
би идэж байна
би ууж байна
би инээж байна.
би уурлаж байна.
би дуулж байна
би уурлаж байна
би ярьж байна
би хашгирч байна.
би шивнэж байна
би бодож байна
би төсөөлж байна
би мөрөөдөж байна
би хүсэж байна
би хөөрч байна
би санаж байна
би сэтгэж байна
би хайрлаж байна
би хүндэлж байна
би хардаж байна
би хордож байна
би бичиж байна
би уншиж байна
би тоолж байна
би төөлж байна
би сууж байна
би сунайж байна
би хэвтэж байна
би зүүрмэглэж байна
би зүүдэлж байна
би сэрж байна
би босч байна
би амьсгалж байна
би амьдарч байна.
би амьдарч байна.

Сайныг хүсье

Та өөртөө юуг хүсдэг вэ? Ямар зүйлийг хүсдэг вэ?
За мэдээж муу зүйлийг хүсдэггүй байх л даа. Сайн гэж бодож байгаа зүйлээ л хүсдэг байх.

Тэхээр та өөртөө хүсээгүй зүйлийг бусдад бүү хүсээрэй

Хэн нэг нь таныг хуураасай, мэхлээсэй гэж хүсдэггүй бол та хэн нэгнийг бүү хуурч мэхлээрэй.

Өөрийгөө өвдээсэй, зовоосой гэж хүсдэггүй бол та өрөөлийг бас өвдөөсэй зовоосой гэж бүү хүсээрэй.

Амжилтанд дандаа хүрэх юмсан гэж боддог бол та амжилтыг бусдаас бас бүү харамлаарай.

Буруу тусгал

Манайхан ер нь аливааг туйлшруулах гээд байдаг, тэгж ойлгоод хандаад байдаг зантай юм уу даа.
Сүүлийн үед төрөл бүрийн ном зохиол, орчуулгууд ихээр хэвлэгдэн гарч, мөн хувь хүний болоод байгууллагын дотоод зохион байгуулалт менежментийн чиглэлийн сургалтууд ч их болжээ. /тэр бүр олж уншиж, оролцож чадах нь ховор юм даа/.

Ялангуяа хэрхэн амжилтанд хүрэх вэ, амжилтын түлхүүр юу вэ, яаж амьдралаа өөрчлөх вэ, бизнесмен хүн ямар байх ёстой вэ гээд л
Үүн дээр ном бүр, за даа хүн бүр өөрийн санаа зөвлөгөө, арга барилаа хэлсэн байх юм.
өөрийгөө хүндэл, бусдад чин сэтгэлээсээ ханд, зорилготой бай, түүндээ хүр, өөртөө итгэ, та чадна гээд л

Энэ нь ч зөв юм даа, тухайн хүнийг өөрчлөх, хурцлах, өдөөх зөвлөгөөнүүд байна.
Гэтэл үүнийг бид /бусдыг хэлээд өөрийгөө үлдээгээд яахав дээ/ нэг л буруугаар тусгаж аваад байх шиг.
Өөрийгөө хүндэл гэдэг нь биеэ тоо гэсэн үг бус бусдыг үл хүндэл гэсэн үг бүүр ч биш.
Өөртөө итгэ гэдэг нь бусдад бүү итгэ гэсэн үг бас биш ээ.

Энд далай ноёны даанч тэнэг хүү гэдэг ардын үлгэрийг хэлмээр санагдлаа.
Товчлон өгүүлбэл, нэгэн ноён даанч тэнэг хүүтэйсэнжээ. Тэр хүүд бага гэсэн юм ойлгож аваасай гэж орой бүр үлгэр хэлдэг байж л дээ. Тэгээд нэгэн орой түүнд "нэгэн тэнэг"-ийн тухай үлгэр хэлж өгчээ. Маргааш өглөө мань хүү аавынхаа толгойг хуга мушгичихаад ирлээ гэжээ. /урьд оройны үлгэрт гарсан зүйлийг мань тэнэг хүү давтаж л дээ/. тэгээд цааш үлгэр үргэлжилнэ л дээ. тэнэглэл үргэлжилнэ.

Миний яриа бүүр өөр зүйл рүү хазайчих гээд байна. Аливааг зөвөөр ойлгож ухаарч, амьдрах хэрэгтэй юм байна. Үүн дээр нээх мэргэн хүний цэцэн үгийг олоод хэлчих гэж хичээсэн ч мөхөс миний толгойд ордоггүй ээ.

Би Монгол хүн

Бяцхан омогшил

Сая би хэд хоног хөдөөгүүр ажлаар явлаа л даа. Нар налайгаад, сэрүүн салхи сэвшээд, эгээ л зун болоо юу даа гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Хаа сайгүй уулын энгэр бэлд, талд шинэхэн төлтэй таарахад хаврын улиралд сэтгэл бахдаж байлаа.
Естой л нөгөө малчны хотонд төлийн дуу цангинаад л, манай оронд хавар ирж байгааг мэдрүүлж байлаа.
Тал, уул толгодын дундуур, гол ус, цөөрмийн дэргэдүүр гарч явахад энэ миний Монголоо гэж хашгирмаар, энэхэн бие минь эх орон чинийх шүү гэж шивнэмээр, дуулж чадахгүй ч дуу аялмаар, дутуу хүтүү ч шүлэг тэрлэмээр санагдаж байлаа.

Ингээд энд Л.Хасарын нэгэн сайхан шүлгийг оруулмаар санагдсан юм.

Намайг тоогоогvй эх орон
Тохойн чинээ би Ирлээ гэж чарлахад
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Эх орондоо уйлж хайртай болсон
Энд тэнд гишгэлж Євдєгєє шалбалахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Нулимсаа дотогш нь залгилж
Эх орондоо инээж хайртай болсон
Эмээлт морин дээрээс унахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Товгор мєнгєн дєрєєг дахин дєрєєлж
Эх орондоо би дvvлж хайртай болсон
Атаа хорсол сvvдрээс минь том болж
Аргаа барж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Энэ юу ч биш
Эхийн сvv байхад гэж чивчирч
Эх орондоо би дуулж хайртай болсон
Халуун амьдралын тохуутай нугачаанд
Хагацаж учирч явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Толгой бєхийхийн тулд
Заяагаагvйг ухаарч
Эх орондоо би хайртай болсон
Уруулыг нь салхи л vнссэн охинд
Ухаан элийрэн дурлаж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам би
Модны мєчир хvртэл
Хайрлахын амьсгаанд ургадгийг анзаарч
Монголдоо би vхэн хатан хайртай болсон

Ижил олон vр нь
Цагийг залгаж тєрдєг юм чинь
Эх орон минь тоохгvй байхад яадгийм
Ийм эх орон бидэнд
Дахиад заяахгvй юм чинь
Хайртай байхгvй яахийм
Энэ бие минь
Олон олны нэг тоо
Эх орон минь
Орчлон их дайдад
Ганц тоо


Тиймээ, сайн найрагчийн сайхан шүлгээр нэг омогшчихъё.


Хөнгөн гунихрал

Цэцгэн дунд нь тоглож өссөн, цээнийн талаа эргээд харлаа
Гантай зун ч урсгал нь татардаггүй голынхоо дэргэд эргээд ирлээ
Гэвч, ургадаг өвснийх нь нэр төрөл багасаад, урсдаг голынх нь урсгал нь татраад ширгэсэн байх юм.
Хур ихтэй зуны улиралд бол 2 талд нь машин зогсоод хэдэн хоног болдог байсан голын ус нь ширгэсэн байхыг харахад харамсмаар.
Хамт яваа настай жолооч маань энд чинь саяхан л за даа 10 гаруйхан л жилийн өмнө дөө цул намаг байлаа шүү дээ гээд харсаар байтал хуурай газрыг хэлэх нь нэг л үнэмшил төрөмгүй. Мал тасдах өвс байна уу даа гэмээр байлаа.
Энэ байгаль, бэлчээр усны доройтол маш чухал асуудал болоод байгаа нь өдөр ирэх тутам мэдрэгдэж байна. Ингэж байгаль, бэлчээр ус доройтсон нь олон л шалтгаантай байх. Үүнд бидний байгальтайгаа буруу харьцсан нь хамгийн гол шалтгаан юмуу даа гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй биз ээ. Ингээд яривал мааш их зүйлийг ярих хэрэгтэй болох байх л даа. Хөнгөн гунихрал бус
Хүнд асуудал болчоод байна.

Тэхээр одоо ийм болчлоо гээд харамсах нэг хэрэг, харин яаж өөрчлөх вэ, бид юу хийж болох вэ, чадах вэ гэдгээ хүн бүр бодъё, тэгээд түүндээ чиглэсэн үйлдлийг өдөр бүр, цаг бүр хийе.