Sunday, August 5, 2007

Тэнэг

Д.Цоодол

Тэнэг

Сум орондоо инээд доог болсон
Суут тэнэг манай нутагт байдаг юм
Хүй цөглөх багадаа авсан нэрийг нь мартаж
Хүмүүс түүнийг зүгээр л тэнэг ээ гэж дуудна
Ганц муу морьтой мань тэнэг чинь
Гангийн халуун наранд алдуул адуу усалж
Гар нь нэл цэврүү, хөлсөө урсгаж зогсоход
Гаргуун тэнэг юм гэж, ухаантай улс шагшина
Дуулгаваргүй таван хүүхэдтэй бэлэвсэн авгайд
Дурлаж гарваа өнөөх тэнэг чинь
Жижиг хүүхдийн хувцас сум алгасч эрэхэд нь
Жинхэнэ тэнэг юм гэж, ухаантай улс гасална.
Тэнэг гэж гологдоод мань эрд
Тэнцэх ажил олдсонгүй
Тэмээ малхан хариулж, айл нүүлгэж
Тэр хавьдаа л гарын үзүүр болж,
Буурал толгойтой ч хүүхэд зантай
Бусдад дандаа л тус болох донтой
Хүүе, тэнэгээ гэсэн ч инээж л байдаг
Хүнээс содон хүний үр явлаа
Дуулдаг дуу нь ганц эр бор харцага
Дунд нь ормогц дуундаа уярч уйлна
Эвий юу боддог юм бол доо гэж
Эмгэд хүүхнүүд өрөвдөөд аяга дарсаар шагнана
Тавилын найр өндөрлөж, тэртээ намар
Тал тал тийшээ найрчид тарсан юм
Цээлийн голдоо зартай ганц ерөөлч
Цэцэн Самбууг дагаад өнөөх тэнэг чинь арилж өгвөө
Гэрээс гарсан тэд айл хүрээгүй явтал
Гэнэтийн шуурга тавьж аюул болсон юм
Ерөөлч, тэнэг хоёр сүйд боллоо гэлцээд
Есөн булгийн хяраас арай гэж олтол
Өмссөн хүрмээ ерөөлчид нөмөргөөд
Өөрөө харин амь алдсан байлаа
Өлгийтэй хүүхэд шиг элгэндээ түүнийг тэврээд
Өршөөлд нь ерөөлч дөнгөж л голтой үлдсэн юм
Ерөөлчийг авраад өөрөө үхжээ гэхэд
Ёроолгүй тэнэг хүн ээ дээ гэж ухаантнууд аанай л гайхацгаасан гэдээг.

4 comments:

nomio said...

ene uneheer negiig boduulsan gaihaltai zohiol shuu. Bayarlalaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

сайхан сайхан шүлэг оруулах юм. Бараг ном авах хэрэггүй болох нь. Оруулаад байгаарай.

Arsun said...

Баярлалаа.

Uunee said...

За, та нартаа баярлалаа. Тэгвэл дахиад нэгийг оруулнаа.