Sunday, July 8, 2007

Шүлгүүд

Би энд хуучны нэг номон дээр бичсэн шүлгүүдээс хэдийг нь блогтоо орууллаа
Х.Лхасүрэн

Хүүхнүүдийн араншин гэж

Хөөрөөд суухад хөөдөггүй атлаа
Хөөцөлдөөд гүйхээр ороолоод л байдаг.
Суугаад байхад хөөдөггүй атлаа
Сураглаад очиход зугтаад л байдаг
Хүүхнүүдийн араншин гэж

Яараад байхад суугаач гэдэг
Яриад суухад яваач гэдэг
тэврээд үнсэхэд болиоч гэдэг
Тэрлэгээ нөмрөхөд үнсээч гэдэг
Хүний араншин гэж...
* * *
Н.Нямдорж
Хайртаагаан үнэнч гэж
Хамаагүй ам гарахгүй ээ
Халуун сайхан сэтгэлийг нь
Харлуулж бас гутаахгүй ээ
Эхнэрийн минь хэр үнэнчийг
Эвтэйхэн батлах улс
Эзгүйчлэх дуртай эрчүүд билээ.

* * *
Ш.Цогт

Дэндүү хайртай чи минь
Дездемон шиг ариухан төржээ
Огцом зантай би чинь
Отелло шиг гэнэн харджээ
Янаг сэтгэлийн минь хооронд
Яго шиг нөхөр оржээ.
Чин дурлалын тайзан дээр
Шекспирийн эмгэнэл тогложээ.

* * *
Ц.Гайтав
Согтуугийн гай

Дарс балагтай
Дараа нь халагтай
Согтуу хүн
Сохортой адил
Хашаагаа олбол
Хаалгаа олохгүй
Хаалгаа олсон ч
Гэрээ олохгүй
Гэрээ олбол
Ороо олохгүй
Ороо олбол
Дэрээ олохгүй
Дэрээ олбол
Дэргэдэхээ олохгүй
Дэргэдэхээ олбол...
* * *
Х.Сампилдэндэв

Хүчийг нь дагуулах гэж хүлээсээр
Хүний мэхэнд унах бөх ч бий
Өргөж хаяна гэж яарсаар байгаад
Өөрийнхөө мэхэнд ойчих бөх ч бий.

1 comment:

Uunee said...

sonin l yum daa