Wednesday, February 11, 2009

Нэгэн шүлэг

Саяхан шүлэг яруу найраг нэлээн сонирхож, уншдаг миний нэг найз намайг чи надад Ж.Мөнхбатын "Миний эх орон" шүлгийг бүтнээр нь олоод өгөөч гэлээ л дээ. Би ч за байз, ямар шүлэг билээ, чи хэсгээс нэг жаахан унш даа гэсэн чинь доорх мөрүүдийг уншиж байна. Энэ шүлгээрээ 1996 юу 1197 юу яг сайн санахгүй байна тэр хавьцаа л оны "Хүрэл тулга" наадамд түрүүлж байсан юм. Нээрээ их сайхан шүлэг санагдлаа. Харамсалтай би найзынхаа надад хэлсэн мөрүүдээс илүүг битгий хэл доорх мөрүүдийг ч мэдэхгүй байлаа. Магадгүй хэн нэгэнд нь энэ шүлэг байвал бидэнд туслаарай.

Мөнх тэнгэрийн доор мянга мянганыг элээж
Мөхөл сэхлийн орчлонд зуун зууныг үдэж
Есөн эрдэнэ нуусан хөх тэнгэрийн орон
Ерөөлийн сүүн хадагтай хөдсөн дээлтний өлгийн миний эх ороон
Буянаа дэвссэн түмний минь өрх нь миний эх орон
Бурхан тольдсон монголын нэр нь миний эх орон
Ээрүүл өнчүүлсэн эмээгийн дүр нь миний эх орон
Ээтэн гуталтай өвөөгийн сүр нь миний эх орон
Гадаад далайн усанд мориныхоо туурайг угаасан
Галав эртний буурал түүх миний эх орон
Дэлхийн дэвжээнд төрийнхөө далбааг өргөх баярын нулимс
Дээлийн хаваасанд шингэсэн Монгол ухаан миний эх орон
Унаган жороо хүлгийн дөрвөн туурайн гишгэдэл
Уянга яруу дууных нь түрлэг өргөх шуранхай
Жаргал зовлон аргадсан хуурын хос чавхдас
Заяа өөдрөг ардын Монголын гэсэн нэр нь миний эх орон...
...Мөөр цагаан тэрэгний мөр нь миний эх орон
... Долоон бурхны доороос найргийн онгод ч миний эх ороон


Бас л тухайн үед л зохиогдсон бол уу даа. Түүний хайрын тухай ийм нэгэн шүлгийн мөрүүд бидний үеийнхний дунд нэлээн уншигддаг байсан санагдаж байна.

...Зүрхний тольтонд нуугдсан сэтгэлийн хун чамайгаа
Зүдэг доройхон бодлоосоо үргээе гэвч чадахгүй нь
Зүрх зүрхнийхээ тольтонд умбан шумбан наадаж
Зүйдэлгүй тэнгэрийн дор ижилдэе гээд чадахгүй нь...

Monday, February 2, 2009

Тэнүүн монгол зан

2007 оны 10 сарын дунд үе. Их олон жилийн тэртээх дурсамжийг л бичихдээ хүн ингэж эхэлдэг дээ. Гэхдээ энэ бол ердөө 2 жил хүрэхгүйн өмнөх хугацаа. Надад нэг ийм явдал тохиолдсон юм.
Хэдийгээр намар орой болж сэрүү орсон ч хараахан өвлийн хүйтэнтэй золгоогүй байсан тул цаанаа л нэг налгар сайхан цаг байсан юм. Манайд нэг Америкийн сайн дурын ажилтан бүсгүй ирж ажиллаад удаагүй байсан юм. Тэгээд тэр, орчуулагч бүсгүй, жолооч гээд бид хэд хөдөө явахаар болж анхных нь малчин айлуудаар орох гэж байгаа аялал нь тул нэлээн сэтгэл хөөрсөн байдалтай байлаа.
Эхний хэд хоног ч сайхан явлаа. Өвөрхангай аймгийн Хархорин дээр 1 хонолоо. Тэр өдөртөө сүм хийд энэ тэрхэнийг сонирхож, бас бус ажлуудаа амжуулсаар нэлээд орой болсон хойно тэндээс хөдөллөө.
Биднийг гэрээс гарахад хэзээ л өвөл болох юм бол доо гэж бодмоор, үргэлж ийм нартай цэлмэг байх юм шиг мэлтийж байсан тэнгэр орой тийшээ муухайрч эхэллээ. Бид нэгэнт зорьсон газраа оччих санаатай замд таарсан сумын төв энэ тэрээр орсонгүй, шууд хөдөөг чиглэн явлаа. Хэдийгээр тэнгэр муухайрч цас хаялж, цасан шуурга шуурч эхэлсэн ч зам ойр хэдхээн км газар, жолооч нь олон жил жолооны ард суусан, нутаг орны аймаг сумынхаа замыг гарынхаа алган дээр тавьсан юм шиг л мэддэг хүн гэгддэг болохоор сэтгэл өег явлаа. Тэгээд ч УАЗ-469 машин гэдэг чинь цас бороонд юу ажрах билээ дээ, сайхан дуу сонсоод бид хөгжилдөн явж байлаа. Зам гэж харагдах тодорхой юм байсангүй. Угаас хөдөөний олон замын алиугаар нь явах юм бэ гэж дуу хүртэл байдагчлан олон бүдэг замын аль алиар нь л явж байтал намаг руу ороод ирлээ шүү. За энэ ч буруу л яваад байна даа, гэхдээ би илүү амлаад яахав дээ, одоо нэгэнт намаг руу орчихсон юм чинь энэ чигээрээ явж байгаад л цаана нь гарчихья даа гэж би дотроо бодож явлаа. Жолооч ах маань ч бас тэгэж бодож байгаа бололтой дог. Гэтэл гэнэт машин явахаа болилоо. Шаварт суучихдаг нь тэр шүү.
Энэ үед уул нь дөнгөж орой 8.30 хавьцаа л болж байсан юм. Жолооч ч гараад харлаа. Шавар ухах юм боллоо. Эмэгтэй хүмүүстэй явж байж ядаж хүрз зээтүү ч байхгүй. Улаан гараараа шавар ухаад эхэллээ шүү. Жаахан цухалдаж байснаа өрөвдөх сэтгэл төрж хамаг авч явсан хувцсаа давхарлаж өмсөж байгаад л туслахаар гарлаа. Нөгөө 2 маань ч бас гарлаа. Бид 3 машинаа хамаг чадлаараа түлхлээ. Машин хөдөлдөггүй ээ. Хэдийгээр тас няс хийсэн хүйтэн байгаагүй ч цас хаялж, шуурга тавьж, хангай нутгийн жавар биеийг жихүүцүүлж байлаа. 30, 40 минут цасанд зогсоход бол даарахааргүй сайхан байсан ч, 3, 4 цаг зогсоход бол хангалттай даарахаар байсан юм. Гэсэн хэдий ч бид аль байдгаараа л машинаа гаргах гэж үзэж байлаа.
Азаар 9 өнгөрч байтал машины гэрэл тусаад явчихлаа. Бид ч бөөн баяр дэвхцээд л дуудаад л гэрлээ тусгаад л. Машин ч наашаа ирж явна шүү. 69 машинаар бараг 10 гаруй хүүхдүүд шуугилдсаар л буугаад ирлээ. Тэд ТМС-ийн 9, 10 ангийн хүүхдүүд, эсвэл 1, 2-р курсын оюутнууд л байсан байх. Бидэнтэй зүг нийлэх юм ярьж байна. Бас цасан шуурганд төөрөөд машины гэрэл хараад ирлээ гэж байна.
Нөгөө хүүхдүүд чинь бүгд нимгэн куртка, дээл, зуны шахуу гуталтай байсан ч бүгд машиныг түлхэх, ойр хавиас мод олж машины дугуйг хөших зэрэг ажилд ханцуй шамлан орлоо. Нэг хоёрын гурваа, нэг хоёрын гурваа... гэж хамаг хүчээ дайчлан түлхэвч нэмэргүй. Нөгөө машинаар ойр байгаа айл руу явж мод, чулуу, хүрз олж ирэх юм болоод 2 жолооч хэдэн залуус нь суугаад явлаа. Нөгөө шаварт суусан машинаа харж жаал зогсож байснаа машиндаа орж сууж ялимгүй дулаацлаа. Явсан хүмүүсээ хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. За бид ч яахав, нөгөө гадаад бүсгүй маань ёстой ч юм үзнэ гэдэг нь болж байх шиг байсан. Их л бухимдаж, тэсвэр алдаж байгаа бололтой. Бид аль болох нөхцөл байдлыг тайлбарлаж, ойлгуулах гэж хичээж нөгөө бүсгүйгээ халамжилж байлаа.
Машинд үлдсэн хүүхдүүд, ээ хөлдөж үхлээ, п...., яах гэж энэ замаар явбаа. Хөл шал ус болчлоо. Одоо ч хөлдөх нь дээ п.... гээд л хоорондоо чанга чанга ярилцаж, хааяаа нэг нэгнээ шоолж мар мар инээлдэж, тамхи баагиулна. Тамхины утаанд хоолой минь хорсожбайсан ч үнэндээ гарч тамхиа тат гэж хэлэх санаа огтхон ч төрсөнгүй. Авч явсан жаахан чихэр боов, ааруулаараа тэднийг дайллаа. Бид тэднийг дайлсандаа бас л их додигор суусныг яана. Бага ч гэсэн баярласнаа илэрхийлж байгаа минь тэр байсан юм болов уу даа.
Нэлээд удаж удаж мод чулуу, олс дээс авсаар айл руу явсан хэд ирлээ. Дахин баахан машинтайгаа ноцолдоод ноцолдоод гаргаж чадсангүй. Ёстой гайхмаар, бараг л машиныг өргөөд тавичихмаар л санагдаад байсан ч бас яг цагаа тулахаар хэцүү юм билээ. Машины нэг юм нь л болохоо байсан бололтой дог. Энэ үед шөнийн 2 цаг дөхөж байсан юм.
Тэгээд бид машинаа орхиод айл бараадахаар боллоо. Үнэхээр ч тэр нь зөв байсан юм. Нөгөө машины жолооч биднийг ойр байгаа айлд дөхүүлж өгөөд тэд ч явлаа.
Биднийг ороход тэд, мэнд мэдээд, хаанаас хаа хүрч яваа, хэзээ гарсан гэх мэт ойр зуурын яриа өрнүүлэнгээ цай чанаж өглөө. Сүү амтагдсан халуун цай, нүүр лүү төөнөх зуухны илчэнд дулаацсан бид амрахаар боллоо. Баруун талын орон дээр гадаад бүсгүй аяны хөнжилдөө ороод унтахаар хэвтлээ. Бид яахав, монгол улсууд юу тоох вэ, газраар л зулчихна даа. Айлын эзэгтэй авдраа уудалж том том үстэй дээлүүд гаргаж биднийг хучаад бид ч төдөлгүй унтлаа. Хааяа нэг толгой дээгүүр хулгана тожигнотол гүйлдэж байсныг эс тооцвол сайхан унтаж амарлаа.
Өглөө болоход гэрийн эзэд хэдийнэ босоцгоосон байлаа. Гараад хартал өчигдөр оройны цасан шуурга намдаж тэнгэрт ов тов бараан үүл харагдах хэдий ч нар үүлэн цаанаас нэг цухуйж нэг нуугдах нь бас л таатай. Гэрийн эзэд ойр хавийн цасыг малтаж зам гаргачихаад үнээгээ саахаар гарсан байлаа. Манай жолооч ч шууд л машин руугаа алхлаа шүү. Хэдийгээр гар хоосон түүнийг машинаа шавраас гаргах ямар нэг юм хийж чадна гэдэгт итгээгүй ч бас хориглож чадсангүй. Энэ хооронд нь бид айлд ирсэн урилгагагүй зочид байна даа, аль болохоор туслахыг хичээж, хогийг нь уруудуулж, цайг нь чанаж, эргэнэг дээр байсан хонины шулдан гуяыг нь аваад хөшиглөж, будаа үйж хоол хийлээ. Гэрийн эзэд ч орж ирж бид хамтдаа хооллосон юм. Манай гадаад бүсгүй хонины махнаас жаал сэжиглэж цэрвэсэн бололтой, хоолны махыг идэлгүй орхичихлоо. Гэрийн эзэн хонь мал хашаа хороо гэсээр л гараад явлаа.
Угаас хөдөөний ажил гэж эцэс төгсгөлгүй завгүй үргэлжилж байдгийг бид мэднэ. Гэрийн эзэгтэй адууны сүүл гаргаж ирээд дээс томохоор бэлтгэж эхэллээ. Бид ч түүнд нь тусалцгаалаа. Гэрийн эзэгтэй цагаан цайлган сэтгэлтэй, бас ч үгүй нэлээд яриа хөөрөөтэй тас тас инээсэн бүсгүй байлаа. Манай гадаад тэр 2 нэг нь монголоор, нэг нь англиар ярьж байсан ч маш сайн ойлголцож, түүндээ хоёул их л хөхүүн баясгалантай байв. Тэдний яриа сонирхолтой хөгжилтэй байсан тул бид тэр болгон дундуур нь орсонгүй харин ч тэднийг чагнан хамтдаа инээлдэж суусан юм.
Төдөлгүй жолооч эргэж ирээд ойрхон төв суурин бараадаж, машин тэрэг, эсвэл сэлбэг авчрахаар боллоо. Ингээд тэр хавиас нэг жижиг машин олоод бид 3-ийг төв рүү хүргэж өгсөн юм.

Замдаа бид гадаад бүсгүйдээ, одоо ингээд барцад чинь арилж байгаа юм аа гэж хэлэх санаатай, тэрийгээ арай гэж халтар хултар тайлбарлаж ойлгуулах аядав. Гэхдээ түүнд энэ аялал хэцүү хэдий ч сонирхолтой байсан бололтой дог.

Энд би болсон явдлыг л хүүрнэлээ. Энэхүү хүүрнэлээс бид Монгол хүний сайн муу олон чанаруудыг харж болох ч би энд тусархуу, зочломтгой, нөхөрсөг чанарыг нь л илүү гаргаж ирэхийг хүссэн юм.
Хэдийгээр танихгүй ч гэсэн бидэнд тусалж, даарч ядарч байсан ч машиныг шавраас гаргах гэж уйгагүй зүтгэсэн тэр хүүхдүүдэд үнэхээр талархмаар. Бидний буусан тэр айлын эздэд ч бас талархахгүй байхын аргагүй. Зах зээлжсэн, хөдөөд ч гэсэн хүний чанар муудаж байгаа гэж ярьдаг ч тэнүүн сайхан монгол зан тэнд чинь хэвээрээ юм байна шүү гэдгийг хэлмээр санагддаг юм.

Sunday, February 1, 2009

Би ирж яваа юм

Би ирж яваа юм
Барнангийн Доржпалам

Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо би явлаа
Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм би ирж яваа юм чам руу
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм би ирж яваа юм шүү чамдаа.
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу

Friday, May 9, 2008

Хүмүүс ээ, надад урам хайрла

Тоомойн Очирхүү
Хүмүүс ээ, надад урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !

Thursday, April 3, 2008

Үлэмжийн чанар

Их говийн ноён хутагт Данзанравжаа
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

Sunday, January 27, 2008

Эх орон минь тандаа би мөргөмү

О.Дашбалбар
Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму

Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтаэ мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ

Эх орны минь мөн чанар гоо сайханыг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал

Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү

Амитаба

Д.Нямсүрэн

Амитаба
Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзий завилж суух вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурхны тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаар томьёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би, Амитаба шиг Газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрднийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн энэ биеэрээ болох вэ?
Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэн мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэх гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй гүйхэд жишимгүй суух вэ?
Яаж би, Амитаба шиг дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би, Амитаба шиг нэг дуу, нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би, Амитаба шиг орон цаг амьдрал хоёр үгүйг мэдэх...

Saturday, January 26, 2008

Эхийн сэтгэл

Пунцагийн Бадарч
Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй ээ
Сааль сүүндээ дэгэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь гэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрээс миний хүү гарахгүй юм.

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна.
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Араажаваар дуулж байна лээ.
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна.
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй
Амьд яваа чинь л алдар чинь юм шүү дээ

Эжий нь хүүгээ их санах юм
Арга савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг аа
Алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал нь би хүүгээ ширтлээ
Эжийдээ ирсэнгүй.

Хүний хүү эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна.
Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогдон хэлж байна.
Аа яадгийм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа муу хүү минь
Дотогшоо би өмөлзлөө.

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юм сан миний хүү
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц үр минь юм сан

Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юүхэв
Эжийдээ хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яахав
Эжийдээ хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин хүү минь
Эжийнхээ нүдэнд бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь эжийдээн ир
Хөхөөрөөн чамайг даллая,
Үхэхээрээн чамайг айлгая
Миний хүү Эжийдээ ир

Ухаантай даа миний хүү
Хурай хурай хурай
Унага шиг эжийдээ давхиад ир
Гуруй гуруй гуруй

Friday, January 25, 2008

Харамчийнхан

Дөнгөтийн Цоодол
Харамчийнхны дууль

Айхавтар гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт навсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггүйөдөр" өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав
Халх гол уруу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа
Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг
"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ

Гэгээн наранд ойрхон өслөө

О.Дашбалбар

Гэгээн наранд ойрхон өслөө би

Агтын манлай ангир шарга минь
Алтан оддыг тосон vvрсээд
Зулай мєнгєн холын уулс минь
Зуун зууныг vдэж угтаад

Хээрийн сэлvvнд нь болжмор жиргэж
Хээнцэрхэн охидтой цэцгvvд нь ижилсээд
Гэрийн цэнхэрхэн утаат талдаа
Гэгээн наранд ойрхон єслєє би

Намрын шувууд эргэн хургасан
Наран хєндий, эрдэнийн уулстай
Нялххан янзага, нємєрт нь хоргодсон
Намхан толгод элсэн манхантай

Vлгэр домгийн буурал талдаа
Vvлэн хэвнэг нємєрч єслєє би
Гэрийн цэнхэрхэн утаат талдаа
Гэгээн наранд ойрхон єслєє би

Friday, January 11, 2008

Битгий урваарай миний хүү

Г.Мөнхцэцэг

Битгий урваарай миний хүү

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон

Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү

Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү

Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өсдөг юм шүү миний хүү
Томоо болсныг чинь шалгах гэж
Тоостой энэ орчлон хайртай бүхнийг чинь булаадаг юм шүү
Тогтохын дээдээр тогтсон хүлгийн нуруунаасаа
Тохсон эмээлээ сольж өөрөөсөө битгий урваарай

Бүгдээрээ чамайг жаргаах гэж
Бүсгүй болгон царайлаг төрдөггүй
Бүгээн хонгор нулимсаа эр хүн нууж унагадаг юм
Бүсээн нэвчтэл ганцаардахад чинь хэрэг болноо тэр чинь

Цагаахан сүүгээ ивэлтэл асгаруулж
Цээжээн хаттал өөрийгөө шингээлээ эжий нь чамд
Цагийн цагт холын холд ч цадталаа хөхсөн
Хүний үнэрээс минь битгий урваарай
Бүсийг чинь задалж хуурайлцсан аавынх нь энгэр шиг дулаахан
Бүгдээрээн зүхсэн ч энэ Монголоосоо бүр ч битгий урваарай
Миний жаахан хөвүүн

Saturday, November 24, 2007

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би

Дэндэвийн Пүрэвдорж

Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Wednesday, November 14, 2007

Шүлэг оруулаад л байдаг

Ойрд блогтоо бичлэг нэмсэнгүй, бусдынхаараа ч зочилсонгүй жаахан хугацаа өнгөрлөө. За энэ хугацаанд би юу хийвээ гэсэн чинь хоёр удаа хөдөө явсан байх юм аа. Тэгээд л уул нь ажил дээрээ компьютерийн ард л суусан болтой юмдаг.

Өнгөрсөн 2 сард блогоо нээснээс хойш багагүй хугацаа өнгөрч, зүс танихгүй, уулзаж ярилцаагүй блогоор санаа бодлоо хуваалцсаар ирсэн блог андуудтай боллоо. /Блог танд баярлалаа/. Байнга зочилдог блогууд бас байнаа. Бумаа ах, Амарсайхан, Ганаа бж, Бямбаа, Ганбаатар, Заяа, Цоомий........ үргэлжилнэ дээ.
Би ч блог бичигч биш, уншигч юм байнаа. Блогтоо юм бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй, сайн найрагчдын сайхан бүтээлүүдээс оруулсаар л ирлээ дээ. За нэг ийм юм бичдэг юм уу гээд л бодохоор, ээ, Үүнээ чи чинь хүнд ч өөртөө ч хэрэг болохгүй юм бичээд байгаа юм биш үү гэж бодоод л болих. Эсвэл өө ийм юм бичвэл зүгээр юм уу гээд дажгүй санаа санагдвал, хэхэ чи энэ талаар бичих хэмжээнд хүрээгүй ээ гэж өөрийгөө голох зэрэгцчээд л өөртөө сайхан чөлөө өгөөд сууж байна даа.
Чухамдаа би яруу найрагт дуртай юу гэвэл дуртай. Гэхдээ бүүүүүүр нугасгүй дуртай ч биш юм аа. Гэхдээ шүлэг оруулаад л байдаг.
Зиа нэг юу бичихээ мэдэхгүй нэг хүн ингээд л сууж байна даа.

Wednesday, November 7, 2007

Тэр л нэгэн хайраа

Б.Ичинхорлоо

Тэр л нэгэн хайраа

Салхин vнэртэй хайрын богинохон настай дурлал
Санчигны ширхэг ээдрээнд гуниг нуугаад одохдоо
Сагаж ядсан харцны бvvдэн нулимас манаргаад
Саарин дээр нь би найраг асгаж суунаа.
Єлмийд торсон хvрэн чулуу намайг шоолоод
Єєдєєс ирсэн харц бvхэн чамайг асуугаад
Єєлж орхисон гэнэн хайр минь эзэнээ vгvйлээд
Єєрєєсєє би хамаатан хайраа нэхэж суунаа
Нvгэл нvцэглэдэг
Бурханд итгэн уйлж. инээж
Нvсэр бодлоос
Хагацал чангааж хєлс асгана
Зvрхээ би хоёр хувааж нэгийг нь золиослоё
Зовхио би бvлцийтэл уйлж нэрээр чинь нємєрлье
Гуниг зангидсан цэцгэн настай учрал гэнээ
Гурван шєнийн зvvдэнд ирсэн дурлал минь ээ
Галуун дуутай усан хvртэл vерлэж байгаа ч
Ганцхан тогорууны дусал нулимсаар дутаж байдаг аа
Адууны тоосонд дуулсан дуу нь хайр хєглєх
Амрагийн болзоонд хэлсэн vг нь ухаарал нэмэх
Хэрсvv ухаанд нь зовлон жаргал хосолсон
Хэтэрхий ихэмсэг тvvнд нар хvртэл дурладаг аа
Дуулсан дуунд нь уярахдаа тэнгэр хур буулган мэлмэрдэг ээ
Догдолж хэлсэн vгэнд нь сэтгэл хуурын чавхдас шиг хєвчирдєг
Хээнцэрхэн тєрхний чинь ємнє vгс ороолдоод би ичингvйрдэг
Хэлээ хазлан эрхлэхдээ бvр жаахан болчихдог оо
Тэртээ талын цэцэгс надад атаархаад
Тэргvvлэгч дэлбээндээ шvvдэр унэгэн ганхсан
Тэнгэрийн саран авхай болзоонд ханьсан ирчихээд
Тэргэл туяа атаархан бидэн хоёрт эрхэмсэг ээ
Хаалгаа онгойлгон ороход нь салхи хормойдон дагасан
Хааяа нэг дуу аялахад нь нар угтаж мандсан
Єнгє будаг ялгаж нэгэн зураг зурсан
Єєрєєс минь хэзээ ч холдолгvй сэтгэлийн чанад vлдсэн
Тэр нэгэн хайраа.

Sunday, October 7, 2007

Шүр эх

Д.Төрбат найрагчийн "Шүр эх" шүлгийн хэсгээс оруулья

Солонгорсон долоон өнгийг томолдуулж
Сонирхсон мянган харцыг зодолдуулж
Нүцгэн бүсгүй бүжихэд алга ташдаг ч
Нүдэндээ чамайг л хардаг шүү Шүр эх минь
Завилаад суусан Янжинтэнгэрийн
Залраад буусан дүр нь чи юм шүү
Гэрийг минь гийгүүлж ирсэн чинийхээ
Гэрэлд нь би шүлэг бичдэг юм шүү...
...Есөн эрдэнийн титэм өмсөж
Ерөөлийн шүлгэнд шигтгээ болж гялалзаагүй ч
Хамгийн сайхан бүсгүй нь чи юм шүү
Харин ганцхан шүүгч нь би юм шүү.

Saturday, October 6, 2007

Ээж уул

М.Билэгсайхан
Ээж уул

Хvслийн цагаан шувууг
Амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хєл дэлхий хоёрыг минь ноцолдож эхлэхэд
''Бєєл бєєл'' хэмээн шивийн тойлсон дэм уул
Хvн бvхнийг єхєєрдєхєд
Миний энэ муухай гэж харыг нь vргээсэн хатан уул
Эрчvvлийн нvдийг унагааж явсан гоо уул
Эцгийн минь єврийг дулаацуулсан халуун уул
Єєрийг таслан олон ургасан бvл уул
Євєр дээрээ намайг эрхлvvлсэн бурхан уул
Сав ертєнцийн жамаар атийж л яваа бєгтєр уул
Саваагvй vрээ єєлж хардаг бvтэн уул
Нэг л мэдэхэд намайгаа орхих хvн уул
Нэр, дvрс, vрс нь vлдэх мєнх уул
Сvvдрээс хvртэл намайгаа хармалсан сvv уул
Сvнс нь хvртэл vрээ хайрладаг аврал уул
Тооноор сарны туяа над дээр тусахад
Зvvдлэнэ гэж эмээхдээ
Толгой дээр ааваар минь vнэг зvvлгэсэн єршєєл уул
Томоо болоод холоо явахад хацрыг минь vнсэхдээ
Тосож уулзана гээд нэгийг нь vлдээсэн билэг уул
Yзэсгэлэн гоогоо vлдээж чадсан зоргоороо уул
Yрийнхээ тєлєє vхэж чадах зоригтой уул
Хvслийн цагаан шувуухайг амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хvvгээ єєрєє ургуулж мєнхєрдєг Хүн уул
Эжий мину

Яваад өгч чадахгүй нь ээ

Би чинь чамайг хүлээсээр
Битүүхэн ирэхийг чинь харуулдсаар
Чамайг би мартаад яваад өгмөөр санагдлаа
Чанад холыг зориод дүүлэн нисэхийг мөрөөдлөө
Гэвч, жигүүр үгүй шувуу шиг дэвж чадахаа больчихож
Жинхэнэ хайрын эзэн чамайг мартаж чадахгүй нь
Өөрөөс чинь бусдад сэтгэл минь татагдахгүй нь
Өрөөл бусдын хайраас өчүүхэн ч гэрлийг үл олно
Цас зөвхөн чам дээр л буух гэж будардаг юм шиг
Чамайгаа л хайрлах гэж орчлонд би төрсөн юм шиг
Нар зөвхөн чамайг л гийгүүлэх гэж манддаг юм шиг
Намайгаа хайрлаач гэж орчлонд би төрсөн юм шиг
Хайлаад өгч чадахгүй нь ээ цас шиг
Харзлаад урсаж чадахгүй нь ээ горхи шиг
Уусаад арилж чадахгүй нь ээ манан шиг
Уугиад замхарч чадахгүй нь ээ утаа шиг
Сар жилээр чандалсан үгээ би дэлгэе
Санаа сэтгэлийн угаас үнэнийг чамд хэлье
Сайхан хайрын эзэн гэж чамайг би онцлое
Санасан хоногийн тоогоороо шүлгэн цацал өргөе.
Би чамд хайртай.

Friday, October 5, 2007

эхлэл үү? төгсгөл үү?

Худал үгүй үнэн байх уу?
Үнэн үгүй худал байх уу?
Хясал үгүй хүсэл байх уу?
Хүсэл үгүй хясал байх уу?
жаргал үгүй зовлон байх уу?
зовлон үгүй жаргал байх уу?
бие үгүй сэтгэл байх уу?
сэтгэл үгүй бие байх уу?
би үгүй чи байх уу?
чи үгүй би байх уу?
газар үгүй тэнгэр байх уу?
тэнгэр үгүй газар байх уу?
ус үгүй өвс байх уу?
өвс үгүй ус байх уу?
уул үгүй тал байх уу?
тал үгүй уул байх уу?
учрал үгүй хагацал байх уу?
хагацал үгүй учрал байх уу?
Эхлэл үгүй төгсгөл байх уу?
Төгсгөл үгүй эхлэл байх уу?

Уудам орчлонд юу байх вэ?
Урсаж өнгөрөх юу байх вэ?
Удтал орших юу байх вэ?
Улиран одох юу байх вэ?

Ламтай Монгол, намтай Монгол

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүйн "Профессор С.Баясгалангийн зүрхний бичлэг" нэртэй нийтлэл, уран бүтээлийн хөрөг "Зууны мэдээ" сонины 10 сарын 3-ны дугаарт нийтлэгдсэнийг уншиж суугаад доорх хэсгийг блогтоо оруулмаар санагдлаа.

..."Оргилд байснаа хярд бууж, тэндээсээ бэлд, дараа нь бүр нүцгэн талд эцсийн бүлэгт жалганд унав. Хажуу хөршүүд нь хаяагаа тэлж, хашаагаа бэхэлж байхад харин Монголчууд халуун зуураа эв эвдэрч, хавиргаа хазан, Халх, Онигууд, Дөрвөн ойрод, Цахар түмэн, Чонос, Ордос, Харчин, Хорчин, Авга нар, Отчигины овог будаа мэт бутарч, шороо мэт хийсэж, алтан ургийн сүнс зайлан, дээр хөхрөгчид наран саран хиртэн, доор хөрстөд хаан жонон харгалдаж, хамаг Монголын заяа буруулав.
Дэлхий зүсээ янзалж, дээлээ сольж, дээврээ өндөрлөж байхад дайсан биднийг мөхөөсөнгүй, атгаг санаа, атаа хорсол, шунал тачаал ийнхүү өтөл биесийг бусниулж, Монголын тамир сульдаж, доншуур наймааны донтонгуудаар сангаа хоослуулж, хөлгүй толгой маасганаж, толгойгүй хөл майжигнав..."
Энэ бол профессор Ц.Баясгалангийн 1995 онд бичсэн "Ламтай Монгол, намтай Монгол" улс төрийн нийтлэл...

Monday, October 1, 2007

Тэнгэр шиг бай

О.Дашбалбар
Тэнгэр шиг бай

Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг...
Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ...
Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
Цєс ихтэй хvний vр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!...
Орох оронгvй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нєхєргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм ...
Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !...
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!...
Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !...
Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!...
Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!...
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!...

Monday, September 17, 2007

Монгол орон Америк зурагчны нүдээр

Америк зурагчний дуранд Монгол орон хэрхэн дүрслэгдсэнийг энэ сайтнаас хараарай. Монголд энэ зун амарч явахдаа эдгээр зургуудыг дурандаа буулгасан юм байна.

http://www.kinsellaphoto.com/

Monday, September 10, 2007

Миний ардын дуу

Б.Ичинхорлоо
Ардын дуу

Нүгэл үргээж дуулсан миний ардын сэтгэл
Нүдний чинь хөөрхөнд даслаа даа гэж аргадан аргадан учирлана
Салхи төөрсөн дууны жороо морь шиг аялгуу
Сар нарны тэнхлэгийг зөв эргээд сайварлана
Түүхийн уяанд хөнгөрсөн найман шарга ажнай
Түмэн оны цаанаас янцгаанхан самарч
Их тэнгэрийн дундах мөнгөн заадас агаад
Итгэлт хөрсөн дуутай хөх Монгол минь урагшилна
Энэ л морьдын төвөргөөн дуунд минь шингэж
Эхлэл төгсгөлгүй хөврөх амьдрал дундуур үргэлжилжээ

Найрын жудаг сануулсан домгийн цэнхэр асар
Нартын шаргал дэвжээн дээр хээгээ гээтэл дэрвэж
Мэлтэн хөх тэнгэрийн хаяа тэлэн уужирсхийж
Миний ардын дуу уянгалж, хуур янцгаана
Эгэлхэн гэрийнхээ зүүн хаяаг бараадаж
Амьдралд би нүцгэн ирсэн
Эжий минь намайг ардын дуугаар өлгийдсөн
Элбэрэл түшиж тоононы нар голлон босоод
Эхний үгийг нь зөв хэлсэн юм байлгүй
Хэлгий өссөнгүй ээ

Хөдөө хээрийн салхинд ганцаараа дуулж нулимс ивэллээ
Уйлж зохиосон юм байлгүй миний ард түмэн
Хөндий холоос сонсоод дагаж аялмаар санагдлаа
Дуулж зохиосон юм байлгүй миний ард түмэн

Ижилдээ гүйсэн хүлэг шиг тэлмэн тэлмэн гишгэдэл
Эрдэнэ засгийн унаганы задгай суман хатираа
Эр бор харцагынх нь жигүүр цуцаасан аялгуу
Эдүгээ дуу болоод нисчихсэн олон олон шувуу
Миний ардын дуу хүлэг морь хөх тэнгэр шиг юм
Мэнд мэдэх учралын их айлтгал юмаа

Ам бардам сайрхаж, дуулж гайхуулья гэхнээ
Ардын дуу минь надаас өөрийгөө нэхэх шиг болно
Адуут талын минь дэнж дээр чи дутуу исгэрлээ гэх шиг
Аашилж болдоггүй хорвоод зэмлэн зэмлэн сонсогдоно

Өндөр тэнгэрийн бүргэд салхинаасаа аяыг нь сонсдог
Өргөн цэнхэр мөрөн минь урсгалаасаа айзмыг нь мэддэг
Зүүдэнд ирдэг надад дуугардаг дуу минь
Зүгээр л сууж байх нь ээ аялуулаад эхэлдэг жаргал минь ээ

Хөглөгөр их хөвчийн хөхөөн дуу сонсогдоно
Хөндийн бараа тоосроход Торой банди чинь бодогдоно
Алтан шанзны эгшигнээс Сүнжидмаа минь өндөлзөнө
Алгирмаагийн гунигийг би торгоны л хээгээр арчинаа
Жороо багахан шарга минь морин хуурын татлагатай
Жолоогүйхэн сэтгэл мину сэрэвгэр хадны зэрэглээтэй

Алсын цэнхэр уулс минь суудлаа засаж чагнадаг
Алмайрч унасан манан үүл яргаж өндийдөг
Айзам хэмнэлд нь багадсан энэ жаахан замбуулин
Ардын минь дуунд багтаж нараа бүүвэйлж эргэдэг юм аа.
Аяа ардын дуу, аавын шүтээн, сэтгэлийн хөг мину зэ.

Wednesday, September 5, 2007

Хил дээр бичсэн шүлэг

Тєрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасvрэн

Хил дээр бичсэн шvлэг

Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь єндєлзєнхєн байна
Ай мєн сайхан аа
Хилийн эрхэм тvшмэл!
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хєх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
-Vхтлээ суунаа
Vхсэн хойно сvнс нь хvртэл Монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нvд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Vгvй дээ
Хардаг нуд гэмээнэ
Цавчихыг нь мартаж ємгєєлсєн
Хальдаг амь гэмээнэ
Vхэхийг нь мартаж ємєєрсєн
Нутгаан єгснєєс vхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хєвч, аагтай илдний vр садыг Монгол гэдэг юмаа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа, санаагаа ав. . . !
Нутаг руу минь унагасан Нvдээ ав. . . !
Євєг дээдэс минь ясаан дор нь ивсэн
Єндєр оронд минь санаархваас
Заяа чинь дутнаа.

Tuesday, August 21, 2007

Нүцгэн биеийг алдаршуулъя

Р.Чойном
Нүцгэн биеийг алдаршуулъя.

Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдая
Шалиг завхай, шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биений тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл
Ядам хуруун дах бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүр мөсөн нүцгэл
Алдарт зураачийн зурсан
Адам, Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амарлингуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээ нэвч гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн шигээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихмээр ариухан
Гантиг цагаан цээжийг чинь бахадъя
Залуу насны чадал дуулсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлсэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хархан нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээр нейлон, копраныг
Таар, шуудай, эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай
Нөмөрсөн хувцас нүд далд хаана
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна
Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя
Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биеийг чинь бахадъя
Сар хүртэл сүүтэгнэн чичэгнэх
Сайхан цагаан хасыг чинь алдаршуулъя
Уруул, хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсаныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахадъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя

Saturday, August 18, 2007

Чамаараа би зөндөө гоёсон

Б.Лхагвасүрэн
Чамаараа би зөндөө гоёсон
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ёс болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно....

Friday, August 17, 2007

Мандах наран зүгт нутаг минь байдаг

Саяхан би Сүхбаатар аймгаар хэд хоног яваад ирлээ.
Өглөө эртээ үүрийн гэгээ татаж, нар нүүрэн дээр мандаад, илч гэрлээрээ төөнөх нь тун тааламжтай.
Тал нь уудам, зам нь дардан, хүлэг нь хурдан, хүмүүс нь уужуу юм. Тал нутгийн хүмүүсийн дуу хууртай, шүлэг найрагтайг биширлээ.
Хүн болгон дуучин болдоггүй хүлэг болгон хурдан байдаггүй гэдэг ч энэ нутгийн хүн болгон нь дуучин, хүлэг болгон нь хурдан юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Бид аймгийн төвөөр нь жаахан алхажээ явахад Баруун-Урт хот харьцангуй цэвэрхэн харагдаж байлаа. Төвөөрөө мод тарьсан, хайснууд нь эвдэрч хэмхрээгүй, өнгө будагтай, гудмаар хог бараг харагдахгүй юм. Өглөө болгон хогоо өгөөрэй гээд хогны машин ирээд ачаад явчихдаг юм байна. Бусад газрууд ч анхаарч, хэрэгжүүлмээр байгаа юм даа.
Хотын төвд гэрэлтэй усан оргилууртай. Усан оргилуур нь оройдоо ажилладаг. Хүүхэд хөгшидгүй тэндээ очиж, салхилдаг юм байна. Бас ч гэж оройдоо залуус маань цагаа өнгөрүүлэх газартай юм байна гэж бодож байлаа.
За тэгээд бичээд байвал олон зүйлийг бичиж болох ч энэ нутгийн тухай нэг сайхан шүлгээр өндөрлөе дөө.

Мандах наран зүгт нутаг минь байдаг
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг
Мал нь тогтуухан, хүн нь аядуухан байдаг
Мандах наран зүгт нутаг минь байдаг
Томоос том наран дор тоонот минь байдаг
Тогоруу шувуу зогдороо намируулаад нисэж байдаг
Тогоотой сүүгээ эжий минь самраад хүлээж суудаг
Томоос том наран дор тоонот минь байдагаа
Ургах наран зүгт нутаг минь байдаг
Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдаг
Барагдахгүй энэ талыг туулах гэж
Байдсан гүүний унага босоо төрдөг
Харагдахгүй бүхний нууцад нэвтрэх гэж
Хан эцгийнх нь хүү билгийн мэлмийтэй төрдөгөө
Ургах наран зүгт нутаг минь байдаг
Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдагаа

Wednesday, August 8, 2007

Монголоороо гоёдог

Ш.Гүрбазар
Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа
Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна
Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно

Sunday, August 5, 2007

Тэнэг

Д.Цоодол

Тэнэг

Сум орондоо инээд доог болсон
Суут тэнэг манай нутагт байдаг юм
Хүй цөглөх багадаа авсан нэрийг нь мартаж
Хүмүүс түүнийг зүгээр л тэнэг ээ гэж дуудна
Ганц муу морьтой мань тэнэг чинь
Гангийн халуун наранд алдуул адуу усалж
Гар нь нэл цэврүү, хөлсөө урсгаж зогсоход
Гаргуун тэнэг юм гэж, ухаантай улс шагшина
Дуулгаваргүй таван хүүхэдтэй бэлэвсэн авгайд
Дурлаж гарваа өнөөх тэнэг чинь
Жижиг хүүхдийн хувцас сум алгасч эрэхэд нь
Жинхэнэ тэнэг юм гэж, ухаантай улс гасална.
Тэнэг гэж гологдоод мань эрд
Тэнцэх ажил олдсонгүй
Тэмээ малхан хариулж, айл нүүлгэж
Тэр хавьдаа л гарын үзүүр болж,
Буурал толгойтой ч хүүхэд зантай
Бусдад дандаа л тус болох донтой
Хүүе, тэнэгээ гэсэн ч инээж л байдаг
Хүнээс содон хүний үр явлаа
Дуулдаг дуу нь ганц эр бор харцага
Дунд нь ормогц дуундаа уярч уйлна
Эвий юу боддог юм бол доо гэж
Эмгэд хүүхнүүд өрөвдөөд аяга дарсаар шагнана
Тавилын найр өндөрлөж, тэртээ намар
Тал тал тийшээ найрчид тарсан юм
Цээлийн голдоо зартай ганц ерөөлч
Цэцэн Самбууг дагаад өнөөх тэнэг чинь арилж өгвөө
Гэрээс гарсан тэд айл хүрээгүй явтал
Гэнэтийн шуурга тавьж аюул болсон юм
Ерөөлч, тэнэг хоёр сүйд боллоо гэлцээд
Есөн булгийн хяраас арай гэж олтол
Өмссөн хүрмээ ерөөлчид нөмөргөөд
Өөрөө харин амь алдсан байлаа
Өлгийтэй хүүхэд шиг элгэндээ түүнийг тэврээд
Өршөөлд нь ерөөлч дөнгөж л голтой үлдсэн юм
Ерөөлчийг авраад өөрөө үхжээ гэхэд
Ёроолгүй тэнэг хүн ээ дээ гэж ухаантнууд аанай л гайхацгаасан гэдээг.

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг

М.Билэгсайхан
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой,
Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ

Friday, August 3, 2007

Бороотой шүлэг

Бороон дуслууд шиврэх тоолонд
Бодлын манан улам өтгөрнө
Бодол бодлоо шүүн байж
Бороотой шүлэг хэлхэн аядна

Үүлэн нүүж, наран гийвэл
Өндөр тэнгэрт солонго татах
Үгэн цэгцэрч, оюун гийвэл
Өнө эртний туульс санагдах