Thursday, April 5, 2007

Чалчаа

Сайн уу, сонин юу байна даа. ажил сайн уу. Ажил гэснээс би ёстой ажилдаа дарагдаад явж байна. Дарагдах гэснээс саяхан даа, алт ухаж байсан хүмүүс шороонд дарагдчихсан байна ш дээ. Шороо гэснээс шороо босоод сүүлийн үед их шуурч байна аа. Шуурга шуурга, шуургаа гэж Энэ хүүхнүүд үү кинон дээр гардаг байхаа. Кино гэснээс сая нэг кино үзлээ гэж бодсон чинь кинон дундуур реклам үзчихэв үү, реклам дундуур кино үзчихэв үү, ерөөсөө ойлгосонгүй, Ойлгосонгүй гэснээс ойлгомжгүй зүйл их болчоод байнаа.

Хэдэн бацаанууд нь дуулаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг, Хэдэн гишүүд нь хэлэлцээд ч байгаа юм шиг хэрэлдээд ч байгаа юм шиг...........шиг шиг

Шиг шиг гэснээс Равжаа хутагтын Ичиг ичиг шүлэг санаанд орчлоо.
Аяа бас буян хураасангүй насажсан хөгшид ичиг ичиг
Аяа бас сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг ичиг
Аяа бас номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй эрдэмтэд ичиг ичиг
Аяа бас төрийг цуугиулагч түшмэд ичиг ичиг.................

Ичиг ичиг гээд байсан чинь ишиг ишиг гэмээр ч санагдчихлаа. Ишиг ишиг чи яагаад цэв цэнхэр болсон юм бэ, цэлмэг өдөр төрсөн юм чинь цэнхэр байх нь аргагүй шүү дээ гээд дуулсан чинь би яг цэнхэр ишиг хараагүй юм байнаа. хараагүй гэснээс хараагүй үзээгүй, мэдээгүй, сонсоогүй дуулаагүй зүйлс их байнаа. Дуулах гэснээс эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг дуулна гэдэг байхаа. нэгийг гэснээс нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэдэг бил үү. Нийт гэснээс олон нийтийн газар олигтойхон явмаар байнаа хүмүүсээ, явах гэснээс хотын гудмаар алхаж ээ явлаа, хот гэснээс хот дунд хог байгаад байна уу, хогон дунд хот байгаад байна уу. Ерөөсөө ойлгосонгүй. Ойлгосонгүй гэснээс ойлгомжгүй зүйл их болчоод байнаа.........................

Wednesday, April 4, 2007

Бодол минь

Би бодол бодлын манан дунд төөрч амьдарнам
Би бодол бодлын манхан дунд бэдэрч амьдарнам
Би бодол бодлын эргүүлэгт живж амьдарнам
Би бодол бодлын харгуйгаар тэнүүчилж амьдарнам

Бодол чи намайг хааш нь чангааж
Бодол чамайг би хааш нь татна вэ?
Бодсон бодлыг минь хэн ч булааж авахгүй
Бохирдсон таваг шиг угаачихаж чадахгүй
Надад байгаа ганц эрх чөлөө
Надаас авахгүй ганц баялаг аа миний бодол

Өөртөө байгаагаас ихийг бодвол мөрөөдөл болно
Өрөөлд байгааг авахсан гэж бодвол шунал болно
Өөрийн болоод бусдын үйлдлийг дүгнэж цэгнэвэл эргэцүүлэл болно
Өөр шинийг хийхсэн гэвэл хүсэл болно
Өнөөдөр маргааш амжуулнаа гэвэл төлөвлөгөө болно
Өөрийн сэтгэхүйд зураг зурвал төсөөлөл болно

Би юуг ч бодож болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч төсөөлж болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч мөрөөдөж болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч эргэцүүлж болноо, миний л эрх чөлөө

Бодол санааны бяцхан атлаа агуу том ертөнцдөө
Боол нь байх уу Хаан нь байх уу бас л миний л эрх чөлөө

Sunday, April 1, 2007

Оготны төлөө төр

Цэцгэнд дунд нь тоглож өссөн цээний талаа эргээд хар даа. Гантай зун ч урсгал нь голынхоо дэргэд эргээд ир дээ.
Естой л нөгөө Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун уснууд, хүн малын ундаа болсон горхи булаг рашаанууд минь жилээс жилдээ дундарсан жирмийн цагаан нуураа гэж дуулдэг шиг л жилээс жилдээ дундраад байна уу даа. Юун нөгөө урсгал нь татраагүй Онон, Тунгалаг тамир, Орхон Сэлэнгэ Чулуут минь дээ. Ширгээд дуусах гээд байна шүү дээ.
Ус байхгүй болохоор ургамал байхгүй. Ногоорч найгах модод байхгүй, цэцэг навч байхгүй, малын хошуу хүрэх өвс байхгүй. за тэгээд ан амьтан байхгүй . . .
Нэг л өглөө та босоод крантаа нээлээ, ус байхгүй, хоолой чийглэх шингэн үгүй, аяга таваг чинь халтайгаад, авдаг цалингаа импортын цэвэр усанд өгөх цаг ирчих нь холгүйхэн байна аа.
Гол усны түвшин багасч байгааг олон л шалтгаанаар тайлбарлах байх л даа. Гэхдээ хүн биднээс хамаарсан шалтгаан хамгийн их нөлөөлсөн болов уу.
Хамаг л голын ай сав, судал дагуу газруудад алт гэдэг өнөөх айхтар эрдэнэ нь байдаг юм болохоор түүнийг авах гэж бүх гол мөрнийг минь ширгээгээд, хөрсийг нь орвонгоор нь эргүүлээд хаяж байнаа.
Ард иргэд нь тэмцвэл авилга өгөх гээд хичээнэ, авахгүй гээд гэдийчихвэл, ална шүү гээд дарамтална. цөөхөн хэдэн нутгийн иргэдийн хүч мөхөс, чадал бага байна. Ядахнаа алтны компаниуд нь алтыг нь аваад авдрыг нь хаях бус жаахан ч гэсэн сэргээгээд орхидог бол зүгээрсэн дээ.
Өнөөдөр бид нар хэдэн төгрөг илүү олоод /алтны борлуулалтаас/, ирээдүй маань усгүй байх нь дээр үү эсвэл гэдгийг бодсоон гэж л найдья даа.
За за төрийн төлөө оготно боож үхэв гэгч болох нь уу даа. Гэхдээ уул нь оготныхоо төлөө төр нь байдаг бишсэн билүү дээ.

Утаанбаатар минь

Нүүрсний утаа боргилсон хотын захын гэр хороололд төрсөн би
Нүүгэлтсэн их хотоо өлгий минь л гэж бодох юм даа
Цэнхэр манан суунагласан алсын барааг ширтээд
Чихэлдсэн энэ л хотоо сэтгэл хямран харахад
Үлээж байгаа утаа хайраад ч байгаа юм шиг
Өршөөл хүссэн хүмүүс нь уймраад ч байгаа юм шиг
Ээ дээ хэцүү санагдахад элэг зүрх минь шархирч
Хосгүй гунигийн нулимс хоёр нүдийг минь бүрхдээг.

/Ч.Чимид найрагчийн "Би Монгол хүн" шүлгийн зарим мөрүүдийг өөрчлөв. Энэ шүлгийг бичиж байхдаа ингэж өөрчлүүлнэ гэж бодоогүй л байх даа. Уучлаарай./