Sunday, January 27, 2008

Амитаба

Д.Нямсүрэн

Амитаба
Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзий завилж суух вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурхны тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаар томьёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би, Амитаба шиг Газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрднийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн энэ биеэрээ болох вэ?
Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэн мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэх гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй гүйхэд жишимгүй суух вэ?
Яаж би, Амитаба шиг дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би, Амитаба шиг нэг дуу, нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би, Амитаба шиг орон цаг амьдрал хоёр үгүйг мэдэх...

2 comments:

Unknown said...

Энэ Амитаба гэдэг нь юу юм бол?

ЭНГҮЙ ТАЛ said...

Амитаба гэж өндөр гэгээний хайртай бүсгүйн нэр бөгөөд тэрээр хайртай бүсгүйнхээ дүрээр Дарь эх бурханыг бүтээсэн гэх түүх бий. Цааш дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ... ЭНГҮЙТАЛ