Monday, March 26, 2007

Шон ба болжмор

Шон дээр болжмор сууна
Бороо орж байна
Болжмор норж байна
Болжмор даарч байна
Шон ч норж байна
Шон дэвтэж байна
Нар гарч байна
Болжмор баясч байна
Шон хатаж байна

Шон ч болжмор ч хатаж байна
Шон ч болжмор ч гандаж байна

Болжмор нисэж байна
Болжмор жиргэж жиргэж
Дахиад нэг шон дээр суулаа

Шон үлдэж болжмор явна
Болжмор үлдэж шон унана

Яваад л өгнө

Хэзээ ч би чамд хайртай гэдгээ хэлэхгүй
Хэн нэгний харцнаас чамайг би харамлахгүй

Араас минь дуудахгүй бол эргэж харахгүй
Амрагийн дууг аялаад яваад л өгнө
Гараас минь барихгүй бол зогсож хүлээхгүй
Галын дөл шиг бадраад л өнгөрнө

Харцаараа аргамжихгүй бол холдоод явчихна
Ханзарч байгаа цас шиг урсаад замхарна.
Хайраараа аргадахгүй бол буцаад л явчихна
Хаврын салхи шиг шуураад л арилна

Навч шиг хийсээд өгнөө
Шувуу шиг буцаад ниснээ
Цэцэг шиг дэлгэрээд л өнгөрнөө
Ус шиг урсаад л өнгөрнөө Миний дурлал

Хэзээ ч би чамайг хараагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хайгаагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хайрлаагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хүлээгээгүй юм шиг

Хэзээ ч би чамд хайртай гэдгээ хэлэхгүй
Хээрийн омголон салхи шиг хийсээд л одчихноо

Хүндтэй идээг хүндэлж хүртэх нь

Эдийн дээд хадаг, идээний дээд архи гэдэг. Архи гэдэг бол аяхын аргагүй хүндтэй бөгөөд хүндэлж хүртүүштэй идээ юм.
Саяхандаа, аль сувгаар гэдгийг сайн мэдэхгүй байна, 2 ч удаа гарсан санагдаж байна, Архи гэдэг идээний тухай Б.Лхагвасүрэн гуай ярьж байсан. Их зөв зүйтэй, санаа авууштай зүйл ярьж байсан л даа.
Архи гэдэг бол хүний араншинг харуулдаг, өөрчилдөг идээ. Хөлгүй хүнийг хөлтэй болгож, хөлтэй хүнийг хөлгүй болгож, хэлгүй хүнийг хэлтэй болгож, хэлтэй хүнийг хэлгүй болгодог, хашгируулдаг, уйлуулдаг, догшруулдаг, инээлгэдэг идээ.

Манай ард түмэн дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж амс, жар хүрээд жаргаж уу гэж зүгээр нэг хэлээгүй байхаа. Гэтэл дөч хүрэх нь байтугай дөчийн талыг ч наслаагүй балчир хүүхдүүдээс эхлээд хөгшин хөвөө, эрэгтэй эмэгтэйгүй энд тэнд араа шүдээ хавиралдан арзас ярзас хийгээд л унаж тусаад л архинд дарлуулчихсан араншингаа алдчихсан явах юм. Даанч харамсмаар.

Өнөөгийн нийгэмд архи бас тодорхой үүрэг гүйцэтгээд байх шиг байнаа.
1. Стресс тайлах
2. Чөлөөт цагаа өнгөрөөх
3. Ажлаа гүйцэлдүүлэх
өөр бас олон үүрэг байгаа байх л даа.

Нийгэм бухимдалтай, ажилгүй, мөнгөгүй хэцүү байгаа нь байгаа л даа. Гэхдээ энэ стресийг заавал архиар тайлах хэрэг байна уу. Нэг шил архи уухын оронд нэг шинэ юм хийе гэж нэг юм хийж, мөнгө олъё гэж бодмоор байна.

Залуусын, яахав залуус ч гэлтгүй хүмүүс ер нь чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх газар ховор юмуу, нэг бол ерөөс тэр газрыг нь бид сонгохгүй байна уу. Баарны найз болчоод Баасан ахын төрсөн өдрийг дандаа тэмдэглэх хэрэг байна уу. Түүний оронд салхинд гарах, спорт, урлагын болон хөгжөөнт, танин мэдэхүйн, ажил хэргийн ч тэмцээн уралдааныг зохион байгуулж болно шүү дээ манай байгууллагууд.

Хэн нэгнийг найрах, болохгүй асуудлаа болгох, өөрийн талд ашигтайгаар шийдүүлэхэд бас энэ идээ хэрэг болоод /хэрэг болох ч юу байхав, тийм зорилгоор ашиглаад / байнуу даа гэж бодогдох юм.

Ер нь хэн нэгэн хүн сэтгэлийн гунихрал, баяр баясалаа архиар дандаа тайлах хэрэггүй, бас тэрийг хамт тайлалцах гэж архи уух нь ч хэрэггүй юм шигээ.
Ер нь архийг биш, архи уусан хүнийг бус архи уухыг бүгдээрээ үзэн ядъя гэсэн үг надад их таалагдсан.

Архи гэдгийг манайхан хэлдэг юм л даа. за бараг насаараа л архи уулаа, Хор болсон юм алга, элэггүй болбол болохоор л боллоо гэж. за яахав байж болох л юм. Үүнийг Б.Лхагвасүрэн гуай хэлж байсан юм, Архи бол биеийг гэхээсээ сэтгэлийн амар амгаланг үгүй хийгч идээ, тархийг устгагч идээ гэж, энэ бол яахын аргагүй үнэн үгээ.
Нэг талаасаа архи тархинд гарч хүний мэдрэлийн системийг өөрчилж, улмаар донтуулж сэтгэл мэдрэлд нь нөлөөлдөг, нөгөө талаасаа архи уусан, агсам согтуу тавьсан хүний ойр орчимд дандаа амгалан тайван бус байдал бий болж байдаг.
Ийм учраас яахын аргагүй тархины дайсан юм.

Архи гэдэг идээ аманд орохдоо алтан хулгана мэт, амнаас гарахдаа арслан барс мэтээ.

Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа
Азгүй хүнээ дээ би
Аманд багтдаг байсан тэр жаахан хөл нь
Алтан дэлхийг онож ядан тэнчигнэнэ.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай..
Аавыгаа чи лав 2 болгон харж байгаа
Нэг нь үхэхэд нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа....

Лхагвасүрэн найрагчийн шүлгийн хэсгээр Хүндтэй идээг хүндэлж хүртэх талаар үзэглэснээ өндөрлөе.

Би 4 улирал

Би бол хавар

хөдөө хээрт цангинах төлийн дуу шиг
хөхрөх уулсдаа ногоорох модод шиг
цөнгөө түрсэн нуур шиг
цөөрмөө санасан шувуу шиг
Би бол хавар

Би бол зун

Инээж байгаа нар шиг
Эвшээж байгаа солонго шиг
Дэлгэрч байгаа цэцэг шиг
Дэвэрч байгаа сүү шиг
Би бол зун

Би бол намар

Шарлан унах навч шиг
Шаагин асгарах буудай шиг
Сэвшин үлээх салхи шиг
Сэрүү татах айраг шиг
Би бол намар

Би бол өвөл

Бударч орсон цас шиг
Будан татсан уулс шиг
Хайрч байгаа жавар шиг
Хагдарч байгаа өвс шиг
Би бол өвөл

Sunday, March 25, 2007

Би үл мэднэ

Жаргаж байна гэтэл зовж байж болох
Зовж байна гэтэл жаргаж байж болох
Инээж байна гэтэл уйлж байж болох
Уйлж байна гэтэл инээж байж болох
Тусалж байна гэтэл усалж байж болох
Усалж байна гэтэл тусалж байж болох

Сайн үйлийг бүтээж байна гэтэл, саарыг хийж байж болох
Саар үйлийг хийж байна гэтэл, сайныг бүтээж байж болох

зүүдэлж байна гэтэл, сэрж байж болох
сэрж байна гэтэл, зүүдэлж байж болох
Гавъяа байгуулж байна гэтэл гай тарьж байж ч болох
Гай тарьж байна гэтэл гавъяа байгуулж байж ч болох

Ай даа би яахан мэдэх билээ
Амьдрал чиний аашийг хэрхэн олох билээ.

Thursday, March 22, 2007

Харилцаа

Харилцаа гэж юу вэ? Шинжлэх ухааны үүднээс их л олон тодорхойлолтыг өгсөн байдаг юм билээ.
Гэхдээ энгийнээр харилцаа бол хүний бүхий л үйл ажиллагаа юм уу даа.
Энэ бол хүний хөгжлийн төлөвшлийн, амьдралын, амжилтын үндэс юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харилцаа нь нэгтгэн холбох, төлөвшүүлэх, солилцох гэх мэт үүргүүдтэй байдаг юм байна.

Төлөвшүүлэх үүрэг миний сонирхлыг их татлаа. Энэ үүрэг нь хүний хөгжил төлөвшлийн үндэс юм уу даа.
Харилцааг анх санаачлан бий болгож байгаа хүн элэгсэг дотно, хүндэтгэсэн харилцааг бий болгох хэрэгтэй юм байна.

Том сэдвээр өчүүхэн санааг тэрлэлээ.

Wednesday, March 21, 2007

Бороо орж байна

Өнөөдөр гадаа бороо орж байна. Чийг үнэртээд ямар сайхан юм бэ? Сая ажлынхаа 2-той хоолонд орчоод алхаж байхад ингээд сайхан агаар амьсгалаад газар бороонд нороод алхаад баймаар л санагдаж байсныг нуух юун. Даанч ажлын цаг араас түлхээд болдоггүй ээ.

Бид нар жаахан байхдаа бороо бороо ороорой оросын маамаа ирээрэй гээд л хөөрдөг байж билээ. /За бараг тэгж хөөрөх дөхлөө/

Ээ дээ хурмаст тэнгэр минь хураа хайрлаж, газраа дэвтээж байгаасай даа. Өдийд орсон хурыг ч хамгийн хэрэгтэй эд л гэдэг юм билээ дээ.

Зөв зүйлийг зөв хийе

Саяхан манайд багийн менежментээр багахан хэмжээний сургалт явагдлаа л даа. Менежер хүн бол юмыг яаж зөв хийхийг, Манлайлагч хүн бол зөв зүйлийг хийхийг хичээдэг гэсэн нэг санаа яригдсан юм.
Тэхээр зөв зүйлийг зөв хийх хэрэгтэй нь харагдаж байгаа биз.
Зөв зүйлийг зөв хийж чадвал бид амжилтанд хүрнэ. Зөв хийхийн тулд бас зөв зүйлийг хийхийн тулд багагүй хичээл зүтгэл, оролдлого хөдөлмөр хэрэгтэй байх байх л даа.

Бүх зүйлс 2 дахин бүтээгддэг гэж.
Бид аливаа үйлдлийг ухаараад төсөөлөл бий болж, ухамсарлаад тэр үйлдлийг хийдэг.
Гэтэл бид Аливаад шууд хариу үйлдэл үзүүлэх нь их байдаг шүү дээ. Хэн нэгэн рүү шууд уурлах, бухимдах гэх мэт.
Тэхээр аль болох, өөртөө ухамсарлаж бодоод, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй юм байна.

Бүтээе

Үг болгон үнэн байдаггүй ч
Үйл болгон зөв байдаггүй ч
Хүн болгон сайн байдаггүй ч
Хүлэг болгон хурдан байдаггүй ч

Мөрөөдөл бүхэн биелдэггүй ч
Мөхсөн бүхэн сэргэдэггүй ч
Харсан бүхэн баригддаггүй ч
Хайсан бүхэн олддоггүй ч

Үг бүхнээ үнэн хэлж амьдаръя
Үйл бүхнээ зөв хийж амьдаръя
Хүн болгон санаа сайтай амьдаръя
Хүссэн зүйлээ бүтээж амьдаръя

Мөрөөдөл бүхнээ биелүүлж амьдаръя
Мөнхийн хайрыг түгээж амьдаръя
Хайсан бүхнээ олж амьдаръя
Хамгийн гол нь бүтээж амьдаръя

Tuesday, March 20, 2007

Инээгээрэй

Элгээ хөштөл инээгээрэй
Эвхэрч унаад инээгээрэй
Амаа ангайлгаад инээгээрэй
Айхтар чангаар инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй
Өнгө өнгөөр инээгээрэй
Өөр өөрийнхөөрөө инээгээрэй
Нулимсаа гартал инээгээрэй
Нуруугаа хөштөл инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй
Нүүрээ дүүрэн инээгээрэй
Нойроо сэргэтэл инээгээрэй
Гараа саваад инээгээрэй
Хөлөө дэвсээд инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй

Ажлынхандаа шинэ өдрийн мэнд хүргэе

Та нартаа шинэ өдрийн мэнд хүргэе
Өглөө бүхэн, өдөр бүхэн шинэ байдаг
Шинэ өдөрт шинийг хийж шинийг бүтээгээрэй

Бүтээлч, ажилсаг бас элэгсэг дотно та нартайгаа хамт ажиллахад их урамтай байдаг шүү.
Та нарыгаа хүндэлж хайрладаг шүү.
Бид тэр болгон энэ үгийг бие биендээ хэлээд байж чаддаггүй шүү дээ.

Мөн энд нэг үгийг хэлмээр санагдлаа.

Хийх дуртай зүйлээ хийх нь зугаа цэнгэл төдий
Хийж байгаа ажилдаа дуртай байх нь аз жаргал гэж

Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА, ХЇМЇЇС ЭЭ!
Амьддаа бие биеэ хайрла хїмїїс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггїй їгийн зэвээр зїрхийг минь бїї шархлуул,
Хэн нэгийгээ харанхуй нїх рїї битгий тїлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бїї инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шїї!
Амжиж, чи єєрєє алдрын зэрэгт хїрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж єг,
Ачийг чинь тэд бїї мартаг!
Ганц сайхан їгээр дутаж яваа хїнд
Гарцаагїй тїїнийг нь олж хэл!
Гадаа нартай ч, гэрт хїйтэн єдєр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хєвгїїнийг
Чанга хатуу їгээр битгий гомдоо, бїсгїй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла,
Чамаас сайхан хїїхэнд ч дурлаж болох шїї
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр їг хїртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хїртэл нэг янзаар бємбєрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бїсгїйн доголон нулимсыг асуулгїйгээр арчиж єг,
Бїдэрч унасан хїїхдийг дээр єргєн аргад!
Єнєєдєр чи инээж, нєгєєдєх нь уйлдаг ч,
Єєр нэг єдєр чи гуньж, цаадахь чинь дуулна
Єлгий, авс хоёрыг хїн бїхэн дамждаг болохоор
Єєр юу ч хэрэггїй, бие биеэ л хайрла!
Єргєн хорвоод хїн хайраар л дутаж болохгїй!
Аз жаргалыг би, хїний сэтгэлийн галаар тєсєєлдєг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тїгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хїлээхийн нэр гэж ойлгоном.

Өнөөдөр дэлхийн яруу найрагчдын өдөр. Энэ өдөрт хүн бүхний унших дуртай, уншиж, сонсвол зохих манай нэртэй яруу найрагч О.Дашбалбарын дээрх шүлгийг блогтоо оруулмаар санагдсан юм.

Би амьдарч байна

Би сэрж байна
би босч байна
би явж байна
Би алхаж байна.
би гүйж байна.
би зогсож байна
би хөдөлж байна
би идэж байна
би ууж байна
би инээж байна.
би уурлаж байна.
би дуулж байна
би уурлаж байна
би ярьж байна
би хашгирч байна.
би шивнэж байна
би бодож байна
би төсөөлж байна
би мөрөөдөж байна
би хүсэж байна
би хөөрч байна
би санаж байна
би сэтгэж байна
би хайрлаж байна
би хүндэлж байна
би хардаж байна
би хордож байна
би бичиж байна
би уншиж байна
би тоолж байна
би төөлж байна
би сууж байна
би сунайж байна
би хэвтэж байна
би зүүрмэглэж байна
би зүүдэлж байна
би сэрж байна
би босч байна
би амьсгалж байна
би амьдарч байна.
би амьдарч байна.

Сайныг хүсье

Та өөртөө юуг хүсдэг вэ? Ямар зүйлийг хүсдэг вэ?
За мэдээж муу зүйлийг хүсдэггүй байх л даа. Сайн гэж бодож байгаа зүйлээ л хүсдэг байх.

Тэхээр та өөртөө хүсээгүй зүйлийг бусдад бүү хүсээрэй

Хэн нэг нь таныг хуураасай, мэхлээсэй гэж хүсдэггүй бол та хэн нэгнийг бүү хуурч мэхлээрэй.

Өөрийгөө өвдээсэй, зовоосой гэж хүсдэггүй бол та өрөөлийг бас өвдөөсэй зовоосой гэж бүү хүсээрэй.

Амжилтанд дандаа хүрэх юмсан гэж боддог бол та амжилтыг бусдаас бас бүү харамлаарай.

Буруу тусгал

Манайхан ер нь аливааг туйлшруулах гээд байдаг, тэгж ойлгоод хандаад байдаг зантай юм уу даа.
Сүүлийн үед төрөл бүрийн ном зохиол, орчуулгууд ихээр хэвлэгдэн гарч, мөн хувь хүний болоод байгууллагын дотоод зохион байгуулалт менежментийн чиглэлийн сургалтууд ч их болжээ. /тэр бүр олж уншиж, оролцож чадах нь ховор юм даа/.

Ялангуяа хэрхэн амжилтанд хүрэх вэ, амжилтын түлхүүр юу вэ, яаж амьдралаа өөрчлөх вэ, бизнесмен хүн ямар байх ёстой вэ гээд л
Үүн дээр ном бүр, за даа хүн бүр өөрийн санаа зөвлөгөө, арга барилаа хэлсэн байх юм.
өөрийгөө хүндэл, бусдад чин сэтгэлээсээ ханд, зорилготой бай, түүндээ хүр, өөртөө итгэ, та чадна гээд л

Энэ нь ч зөв юм даа, тухайн хүнийг өөрчлөх, хурцлах, өдөөх зөвлөгөөнүүд байна.
Гэтэл үүнийг бид /бусдыг хэлээд өөрийгөө үлдээгээд яахав дээ/ нэг л буруугаар тусгаж аваад байх шиг.
Өөрийгөө хүндэл гэдэг нь биеэ тоо гэсэн үг бус бусдыг үл хүндэл гэсэн үг бүүр ч биш.
Өөртөө итгэ гэдэг нь бусдад бүү итгэ гэсэн үг бас биш ээ.

Энд далай ноёны даанч тэнэг хүү гэдэг ардын үлгэрийг хэлмээр санагдлаа.
Товчлон өгүүлбэл, нэгэн ноён даанч тэнэг хүүтэйсэнжээ. Тэр хүүд бага гэсэн юм ойлгож аваасай гэж орой бүр үлгэр хэлдэг байж л дээ. Тэгээд нэгэн орой түүнд "нэгэн тэнэг"-ийн тухай үлгэр хэлж өгчээ. Маргааш өглөө мань хүү аавынхаа толгойг хуга мушгичихаад ирлээ гэжээ. /урьд оройны үлгэрт гарсан зүйлийг мань тэнэг хүү давтаж л дээ/. тэгээд цааш үлгэр үргэлжилнэ л дээ. тэнэглэл үргэлжилнэ.

Миний яриа бүүр өөр зүйл рүү хазайчих гээд байна. Аливааг зөвөөр ойлгож ухаарч, амьдрах хэрэгтэй юм байна. Үүн дээр нээх мэргэн хүний цэцэн үгийг олоод хэлчих гэж хичээсэн ч мөхөс миний толгойд ордоггүй ээ.

Би Монгол хүн

Бяцхан омогшил

Сая би хэд хоног хөдөөгүүр ажлаар явлаа л даа. Нар налайгаад, сэрүүн салхи сэвшээд, эгээ л зун болоо юу даа гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Хаа сайгүй уулын энгэр бэлд, талд шинэхэн төлтэй таарахад хаврын улиралд сэтгэл бахдаж байлаа.
Естой л нөгөө малчны хотонд төлийн дуу цангинаад л, манай оронд хавар ирж байгааг мэдрүүлж байлаа.
Тал, уул толгодын дундуур, гол ус, цөөрмийн дэргэдүүр гарч явахад энэ миний Монголоо гэж хашгирмаар, энэхэн бие минь эх орон чинийх шүү гэж шивнэмээр, дуулж чадахгүй ч дуу аялмаар, дутуу хүтүү ч шүлэг тэрлэмээр санагдаж байлаа.

Ингээд энд Л.Хасарын нэгэн сайхан шүлгийг оруулмаар санагдсан юм.

Намайг тоогоогvй эх орон
Тохойн чинээ би Ирлээ гэж чарлахад
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Эх орондоо уйлж хайртай болсон
Энд тэнд гишгэлж Євдєгєє шалбалахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Нулимсаа дотогш нь залгилж
Эх орондоо инээж хайртай болсон
Эмээлт морин дээрээс унахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Товгор мєнгєн дєрєєг дахин дєрєєлж
Эх орондоо би дvvлж хайртай болсон
Атаа хорсол сvvдрээс минь том болж
Аргаа барж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Энэ юу ч биш
Эхийн сvv байхад гэж чивчирч
Эх орондоо би дуулж хайртай болсон
Халуун амьдралын тохуутай нугачаанд
Хагацаж учирч явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Толгой бєхийхийн тулд
Заяагаагvйг ухаарч
Эх орондоо би хайртай болсон
Уруулыг нь салхи л vнссэн охинд
Ухаан элийрэн дурлаж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам би
Модны мєчир хvртэл
Хайрлахын амьсгаанд ургадгийг анзаарч
Монголдоо би vхэн хатан хайртай болсон

Ижил олон vр нь
Цагийг залгаж тєрдєг юм чинь
Эх орон минь тоохгvй байхад яадгийм
Ийм эх орон бидэнд
Дахиад заяахгvй юм чинь
Хайртай байхгvй яахийм
Энэ бие минь
Олон олны нэг тоо
Эх орон минь
Орчлон их дайдад
Ганц тоо


Тиймээ, сайн найрагчийн сайхан шүлгээр нэг омогшчихъё.


Хөнгөн гунихрал

Цэцгэн дунд нь тоглож өссөн, цээнийн талаа эргээд харлаа
Гантай зун ч урсгал нь татардаггүй голынхоо дэргэд эргээд ирлээ
Гэвч, ургадаг өвснийх нь нэр төрөл багасаад, урсдаг голынх нь урсгал нь татраад ширгэсэн байх юм.
Хур ихтэй зуны улиралд бол 2 талд нь машин зогсоод хэдэн хоног болдог байсан голын ус нь ширгэсэн байхыг харахад харамсмаар.
Хамт яваа настай жолооч маань энд чинь саяхан л за даа 10 гаруйхан л жилийн өмнө дөө цул намаг байлаа шүү дээ гээд харсаар байтал хуурай газрыг хэлэх нь нэг л үнэмшил төрөмгүй. Мал тасдах өвс байна уу даа гэмээр байлаа.
Энэ байгаль, бэлчээр усны доройтол маш чухал асуудал болоод байгаа нь өдөр ирэх тутам мэдрэгдэж байна. Ингэж байгаль, бэлчээр ус доройтсон нь олон л шалтгаантай байх. Үүнд бидний байгальтайгаа буруу харьцсан нь хамгийн гол шалтгаан юмуу даа гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй биз ээ. Ингээд яривал мааш их зүйлийг ярих хэрэгтэй болох байх л даа. Хөнгөн гунихрал бус
Хүнд асуудал болчоод байна.

Тэхээр одоо ийм болчлоо гээд харамсах нэг хэрэг, харин яаж өөрчлөх вэ, бид юу хийж болох вэ, чадах вэ гэдгээ хүн бүр бодъё, тэгээд түүндээ чиглэсэн үйлдлийг өдөр бүр, цаг бүр хийе.