Monday, September 10, 2007

Миний ардын дуу

Б.Ичинхорлоо
Ардын дуу

Нүгэл үргээж дуулсан миний ардын сэтгэл
Нүдний чинь хөөрхөнд даслаа даа гэж аргадан аргадан учирлана
Салхи төөрсөн дууны жороо морь шиг аялгуу
Сар нарны тэнхлэгийг зөв эргээд сайварлана
Түүхийн уяанд хөнгөрсөн найман шарга ажнай
Түмэн оны цаанаас янцгаанхан самарч
Их тэнгэрийн дундах мөнгөн заадас агаад
Итгэлт хөрсөн дуутай хөх Монгол минь урагшилна
Энэ л морьдын төвөргөөн дуунд минь шингэж
Эхлэл төгсгөлгүй хөврөх амьдрал дундуур үргэлжилжээ

Найрын жудаг сануулсан домгийн цэнхэр асар
Нартын шаргал дэвжээн дээр хээгээ гээтэл дэрвэж
Мэлтэн хөх тэнгэрийн хаяа тэлэн уужирсхийж
Миний ардын дуу уянгалж, хуур янцгаана
Эгэлхэн гэрийнхээ зүүн хаяаг бараадаж
Амьдралд би нүцгэн ирсэн
Эжий минь намайг ардын дуугаар өлгийдсөн
Элбэрэл түшиж тоононы нар голлон босоод
Эхний үгийг нь зөв хэлсэн юм байлгүй
Хэлгий өссөнгүй ээ

Хөдөө хээрийн салхинд ганцаараа дуулж нулимс ивэллээ
Уйлж зохиосон юм байлгүй миний ард түмэн
Хөндий холоос сонсоод дагаж аялмаар санагдлаа
Дуулж зохиосон юм байлгүй миний ард түмэн

Ижилдээ гүйсэн хүлэг шиг тэлмэн тэлмэн гишгэдэл
Эрдэнэ засгийн унаганы задгай суман хатираа
Эр бор харцагынх нь жигүүр цуцаасан аялгуу
Эдүгээ дуу болоод нисчихсэн олон олон шувуу
Миний ардын дуу хүлэг морь хөх тэнгэр шиг юм
Мэнд мэдэх учралын их айлтгал юмаа

Ам бардам сайрхаж, дуулж гайхуулья гэхнээ
Ардын дуу минь надаас өөрийгөө нэхэх шиг болно
Адуут талын минь дэнж дээр чи дутуу исгэрлээ гэх шиг
Аашилж болдоггүй хорвоод зэмлэн зэмлэн сонсогдоно

Өндөр тэнгэрийн бүргэд салхинаасаа аяыг нь сонсдог
Өргөн цэнхэр мөрөн минь урсгалаасаа айзмыг нь мэддэг
Зүүдэнд ирдэг надад дуугардаг дуу минь
Зүгээр л сууж байх нь ээ аялуулаад эхэлдэг жаргал минь ээ

Хөглөгөр их хөвчийн хөхөөн дуу сонсогдоно
Хөндийн бараа тоосроход Торой банди чинь бодогдоно
Алтан шанзны эгшигнээс Сүнжидмаа минь өндөлзөнө
Алгирмаагийн гунигийг би торгоны л хээгээр арчинаа
Жороо багахан шарга минь морин хуурын татлагатай
Жолоогүйхэн сэтгэл мину сэрэвгэр хадны зэрэглээтэй

Алсын цэнхэр уулс минь суудлаа засаж чагнадаг
Алмайрч унасан манан үүл яргаж өндийдөг
Айзам хэмнэлд нь багадсан энэ жаахан замбуулин
Ардын минь дуунд багтаж нараа бүүвэйлж эргэдэг юм аа.
Аяа ардын дуу, аавын шүтээн, сэтгэлийн хөг мину зэ.

8 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Чи ер нь сайн шүлгийг олж тавих юм аа
өөрөө шүлэг бичдэг үү?

бж said...

Saihan shuleg baina. Yaruu nairag ch saihan shuu.

byambaa said...

goy shuleg bnaa. ardiin duu gej...

Uunee said...

Бум-Эрдэнэд: Баярлалаа. Өөрөө бичнэ ч гэж барахгүй ажил шиг байгаа юм даа. Бага байхдаа л шүлэг бичих гэж оролддог байж дээ.

Ганаад: Тийм шүү. Яруу найраг сайхаан.

Бямбаад: Ардын дуу гэж энэ шүлгийг Ичинхорлоо найрагч өөрөө дуучин Баясгалангийн "Бүүвэйн залбирал" тоглолтон дээр уншиж байсан юм. Энэ шүлгийг уншихаар өөрийнх нь тэр уншсан дуу хоолой, хэмнэл сонсогдох шиг болдог юм.
Нээрээ л энэ ардын дуу гэж эргэх замбуулинг багтааж, ээлтэй орчлонг аргадаж байдаг юм уу даа гэмээр.

A.Амарсайхан said...

Ичинхорлоо ч галтай цогтой бүсгүй шүү. Галтай цогтой ч бичнэ.

Uunee said...

Амарсайханд: Тийм шүү. Ичинхорлоо найрагч ч үнэхээр галтай цогтой, дайчин бүсгүй.

Pearle Deppsu said...

huuh minii neriig yaj meddiin. Neeree linkuudiig ni odoo l harlaa shd. tegsen egchiin ner bdiin hehe. minii neriig meddeg hun ch tsuuhun duu uul ni lag yumaaa. tagnuulch uu uuruu hehe

Uunee said...

Пэирло дүүгийн нэрийг зүгээр л таагаад оруулчихсан юм. Зүгээр л чиний нэрнээс чинь галиглах аядаад л. Дашрамд хэлэхэд би ямар ч тагнуулын авъяасгүй л дээ.