2007 оны 10 сарын дунд үе. Их олон жилийн тэртээх дурсамжийг л бичихдээ хүн ингэж эхэлдэг дээ. Гэхдээ энэ бол ердөө 2 жил хүрэхгүйн өмнөх хугацаа. Надад нэг ийм явдал тохиолдсон юм.
Хэдийгээр намар орой болж сэрүү орсон ч хараахан өвлийн хүйтэнтэй золгоогүй байсан тул цаанаа л нэг налгар сайхан цаг байсан юм. Манайд нэг Америкийн сайн дурын ажилтан бүсгүй ирж ажиллаад удаагүй байсан юм. Тэгээд тэр, орчуулагч бүсгүй, жолооч гээд бид хэд хөдөө явахаар болж анхных нь малчин айлуудаар орох гэж байгаа аялал нь тул нэлээн сэтгэл хөөрсөн байдалтай байлаа.
Эхний хэд хоног ч сайхан явлаа. Өвөрхангай аймгийн Хархорин дээр 1 хонолоо. Тэр өдөртөө сүм хийд энэ тэрхэнийг сонирхож, бас бус ажлуудаа амжуулсаар нэлээд орой болсон хойно тэндээс хөдөллөө.
Биднийг гэрээс гарахад хэзээ л өвөл болох юм бол доо гэж бодмоор, үргэлж ийм нартай цэлмэг байх юм шиг мэлтийж байсан тэнгэр орой тийшээ муухайрч эхэллээ. Бид нэгэнт зорьсон газраа оччих санаатай замд таарсан сумын төв энэ тэрээр орсонгүй, шууд хөдөөг чиглэн явлаа. Хэдийгээр тэнгэр муухайрч цас хаялж, цасан шуурга шуурч эхэлсэн ч зам ойр хэдхээн км газар, жолооч нь олон жил жолооны ард суусан, нутаг орны аймаг сумынхаа замыг гарынхаа алган дээр тавьсан юм шиг л мэддэг хүн гэгддэг болохоор сэтгэл өег явлаа. Тэгээд ч УАЗ-469 машин гэдэг чинь цас бороонд юу ажрах билээ дээ, сайхан дуу сонсоод бид хөгжилдөн явж байлаа. Зам гэж харагдах тодорхой юм байсангүй. Угаас хөдөөний олон замын алиугаар нь явах юм бэ гэж дуу хүртэл байдагчлан олон бүдэг замын аль алиар нь л явж байтал намаг руу ороод ирлээ шүү. За энэ ч буруу л яваад байна даа, гэхдээ би илүү амлаад яахав дээ, одоо нэгэнт намаг руу орчихсон юм чинь энэ чигээрээ явж байгаад л цаана нь гарчихья даа гэж би дотроо бодож явлаа. Жолооч ах маань ч бас тэгэж бодож байгаа бололтой дог. Гэтэл гэнэт машин явахаа болилоо. Шаварт суучихдаг нь тэр шүү.
Энэ үед уул нь дөнгөж орой 8.30 хавьцаа л болж байсан юм. Жолооч ч гараад харлаа. Шавар ухах юм боллоо. Эмэгтэй хүмүүстэй явж байж ядаж хүрз зээтүү ч байхгүй. Улаан гараараа шавар ухаад эхэллээ шүү. Жаахан цухалдаж байснаа өрөвдөх сэтгэл төрж хамаг авч явсан хувцсаа давхарлаж өмсөж байгаад л туслахаар гарлаа. Нөгөө 2 маань ч бас гарлаа. Бид 3 машинаа хамаг чадлаараа түлхлээ. Машин хөдөлдөггүй ээ. Хэдийгээр тас няс хийсэн хүйтэн байгаагүй ч цас хаялж, шуурга тавьж, хангай нутгийн жавар биеийг жихүүцүүлж байлаа. 30, 40 минут цасанд зогсоход бол даарахааргүй сайхан байсан ч, 3, 4 цаг зогсоход бол хангалттай даарахаар байсан юм. Гэсэн хэдий ч бид аль байдгаараа л машинаа гаргах гэж үзэж байлаа.
Азаар 9 өнгөрч байтал машины гэрэл тусаад явчихлаа. Бид ч бөөн баяр дэвхцээд л дуудаад л гэрлээ тусгаад л. Машин ч наашаа ирж явна шүү. 69 машинаар бараг 10 гаруй хүүхдүүд шуугилдсаар л буугаад ирлээ. Тэд ТМС-ийн 9, 10 ангийн хүүхдүүд, эсвэл 1, 2-р курсын оюутнууд л байсан байх. Бидэнтэй зүг нийлэх юм ярьж байна. Бас цасан шуурганд төөрөөд машины гэрэл хараад ирлээ гэж байна.
Нөгөө хүүхдүүд чинь бүгд нимгэн куртка, дээл, зуны шахуу гуталтай байсан ч бүгд машиныг түлхэх, ойр хавиас мод олж машины дугуйг хөших зэрэг ажилд ханцуй шамлан орлоо. Нэг хоёрын гурваа, нэг хоёрын гурваа... гэж хамаг хүчээ дайчлан түлхэвч нэмэргүй. Нөгөө машинаар ойр байгаа айл руу явж мод, чулуу, хүрз олж ирэх юм болоод 2 жолооч хэдэн залуус нь суугаад явлаа. Нөгөө шаварт суусан машинаа харж жаал зогсож байснаа машиндаа орж сууж ялимгүй дулаацлаа. Явсан хүмүүсээ хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. За бид ч яахав, нөгөө гадаад бүсгүй маань ёстой ч юм үзнэ гэдэг нь болж байх шиг байсан. Их л бухимдаж, тэсвэр алдаж байгаа бололтой. Бид аль болох нөхцөл байдлыг тайлбарлаж, ойлгуулах гэж хичээж нөгөө бүсгүйгээ халамжилж байлаа.
Машинд үлдсэн хүүхдүүд, ээ хөлдөж үхлээ, п...., яах гэж энэ замаар явбаа. Хөл шал ус болчлоо. Одоо ч хөлдөх нь дээ п.... гээд л хоорондоо чанга чанга ярилцаж, хааяаа нэг нэгнээ шоолж мар мар инээлдэж, тамхи баагиулна. Тамхины утаанд хоолой минь хорсожбайсан ч үнэндээ гарч тамхиа тат гэж хэлэх санаа огтхон ч төрсөнгүй. Авч явсан жаахан чихэр боов, ааруулаараа тэднийг дайллаа. Бид тэднийг дайлсандаа бас л их додигор суусныг яана. Бага ч гэсэн баярласнаа илэрхийлж байгаа минь тэр байсан юм болов уу даа.
Нэлээд удаж удаж мод чулуу, олс дээс авсаар айл руу явсан хэд ирлээ. Дахин баахан машинтайгаа ноцолдоод ноцолдоод гаргаж чадсангүй. Ёстой гайхмаар, бараг л машиныг өргөөд тавичихмаар л санагдаад байсан ч бас яг цагаа тулахаар хэцүү юм билээ. Машины нэг юм нь л болохоо байсан бололтой дог. Энэ үед шөнийн 2 цаг дөхөж байсан юм.
Тэгээд бид машинаа орхиод айл бараадахаар боллоо. Үнэхээр ч тэр нь зөв байсан юм. Нөгөө машины жолооч биднийг ойр байгаа айлд дөхүүлж өгөөд тэд ч явлаа.
Биднийг ороход тэд, мэнд мэдээд, хаанаас хаа хүрч яваа, хэзээ гарсан гэх мэт ойр зуурын яриа өрнүүлэнгээ цай чанаж өглөө. Сүү амтагдсан халуун цай, нүүр лүү төөнөх зуухны илчэнд дулаацсан бид амрахаар боллоо. Баруун талын орон дээр гадаад бүсгүй аяны хөнжилдөө ороод унтахаар хэвтлээ. Бид яахав, монгол улсууд юу тоох вэ, газраар л зулчихна даа. Айлын эзэгтэй авдраа уудалж том том үстэй дээлүүд гаргаж биднийг хучаад бид ч төдөлгүй унтлаа. Хааяа нэг толгой дээгүүр хулгана тожигнотол гүйлдэж байсныг эс тооцвол сайхан унтаж амарлаа.
Өглөө болоход гэрийн эзэд хэдийнэ босоцгоосон байлаа. Гараад хартал өчигдөр оройны цасан шуурга намдаж тэнгэрт ов тов бараан үүл харагдах хэдий ч нар үүлэн цаанаас нэг цухуйж нэг нуугдах нь бас л таатай. Гэрийн эзэд ойр хавийн цасыг малтаж зам гаргачихаад үнээгээ саахаар гарсан байлаа. Манай жолооч ч шууд л машин руугаа алхлаа шүү. Хэдийгээр гар хоосон түүнийг машинаа шавраас гаргах ямар нэг юм хийж чадна гэдэгт итгээгүй ч бас хориглож чадсангүй. Энэ хооронд нь бид айлд ирсэн урилгагагүй зочид байна даа, аль болохоор туслахыг хичээж, хогийг нь уруудуулж, цайг нь чанаж, эргэнэг дээр байсан хонины шулдан гуяыг нь аваад хөшиглөж, будаа үйж хоол хийлээ. Гэрийн эзэд ч орж ирж бид хамтдаа хооллосон юм. Манай гадаад бүсгүй хонины махнаас жаал сэжиглэж цэрвэсэн бололтой, хоолны махыг идэлгүй орхичихлоо. Гэрийн эзэн хонь мал хашаа хороо гэсээр л гараад явлаа.
Угаас хөдөөний ажил гэж эцэс төгсгөлгүй завгүй үргэлжилж байдгийг бид мэднэ. Гэрийн эзэгтэй адууны сүүл гаргаж ирээд дээс томохоор бэлтгэж эхэллээ. Бид ч түүнд нь тусалцгаалаа. Гэрийн эзэгтэй цагаан цайлган сэтгэлтэй, бас ч үгүй нэлээд яриа хөөрөөтэй тас тас инээсэн бүсгүй байлаа. Манай гадаад тэр 2 нэг нь монголоор, нэг нь англиар ярьж байсан ч маш сайн ойлголцож, түүндээ хоёул их л хөхүүн баясгалантай байв. Тэдний яриа сонирхолтой хөгжилтэй байсан тул бид тэр болгон дундуур нь орсонгүй харин ч тэднийг чагнан хамтдаа инээлдэж суусан юм.
Төдөлгүй жолооч эргэж ирээд ойрхон төв суурин бараадаж, машин тэрэг, эсвэл сэлбэг авчрахаар боллоо. Ингээд тэр хавиас нэг жижиг машин олоод бид 3-ийг төв рүү хүргэж өгсөн юм.
Замдаа бид гадаад бүсгүйдээ, одоо ингээд барцад чинь арилж байгаа юм аа гэж хэлэх санаатай, тэрийгээ арай гэж халтар хултар тайлбарлаж ойлгуулах аядав. Гэхдээ түүнд энэ аялал хэцүү хэдий ч сонирхолтой байсан бололтой дог.
Энд би болсон явдлыг л хүүрнэлээ. Энэхүү хүүрнэлээс бид Монгол хүний сайн муу олон чанаруудыг харж болох ч би энд тусархуу, зочломтгой, нөхөрсөг чанарыг нь л илүү гаргаж ирэхийг хүссэн юм.
Хэдийгээр танихгүй ч гэсэн бидэнд тусалж, даарч ядарч байсан ч машиныг шавраас гаргах гэж уйгагүй зүтгэсэн тэр хүүхдүүдэд үнэхээр талархмаар. Бидний буусан тэр айлын эздэд ч бас талархахгүй байхын аргагүй. Зах зээлжсэн, хөдөөд ч гэсэн хүний чанар муудаж байгаа гэж ярьдаг ч тэнүүн сайхан монгол зан тэнд чинь хэвээрээ юм байна шүү гэдгийг хэлмээр санагддаг юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Хүн байгаа газар сайхан сэтгэл байж л бна л даа. Тэр дундаа монголчууд. Одоохондоо хэвээрээ л байгаа юм.
Хүн байгаа газар сайхан сэтгэл байна гэж ямар гоё үг вэ? Үнэхээр тийм шүү.
Шөнийн хоёр цагаас хаалганы хонх дуугарлаа. Тэгтэл нэг танихгүй хүн "Би Шар хад руу явж байсан чинь машин эвдэрчихлээ" гэвэл та Сансарт байдаг байрныхаа хойморт ор засч унтуулах болов уу?
Ингээд бодохоор хотжилтыг үзэн ядмаар.
Чиний блог нөгөө "Бас л завгүй" гэдэг цомог шиг санагдлаа. САйхан блог байна.
Хөдөө явахад олон зүйл тохиолддогсон.
Иймэрхүү аялал дараа нь хөгжилтэй байдаг юм шүү дээ.
Post a Comment