Friday, January 25, 2008

Харамчийнхан

Дөнгөтийн Цоодол
Харамчийнхны дууль

Айхавтар гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт навсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггүйөдөр" өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав
Халх гол уруу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа
Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг
"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ

3 comments:

Cаарал said...

Deer uyed bolor tsomd orj baisan shuleg baina, harin turuulluu yaalaa sanadaggui. Haanaas iim olon goyo goyo shulegnuud olood bainaa? Enhboldbaatariin ch biluu henii ch bilee, oyutan bailaa gej neg shuleg oldohgui biz?

Unknown said...

Бас л завгүй.

Anonymous said...

uilahaa shahav shd