Sunday, January 27, 2008

Эх орон минь тандаа би мөргөмү

О.Дашбалбар
Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму

Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтаэ мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ

Эх орны минь мөн чанар гоо сайханыг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал

Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү

Амитаба

Д.Нямсүрэн

Амитаба
Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзий завилж суух вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурхны тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаар томьёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би, Амитаба шиг Газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрднийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн энэ биеэрээ болох вэ?
Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэн мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэх гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй гүйхэд жишимгүй суух вэ?
Яаж би, Амитаба шиг дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би, Амитаба шиг нэг дуу, нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би, Амитаба шиг орон цаг амьдрал хоёр үгүйг мэдэх...

Saturday, January 26, 2008

Эхийн сэтгэл

Пунцагийн Бадарч
Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй ээ
Сааль сүүндээ дэгэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь гэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрээс миний хүү гарахгүй юм.

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна.
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Араажаваар дуулж байна лээ.
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна.
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй
Амьд яваа чинь л алдар чинь юм шүү дээ

Эжий нь хүүгээ их санах юм
Арга савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг аа
Алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал нь би хүүгээ ширтлээ
Эжийдээ ирсэнгүй.

Хүний хүү эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна.
Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогдон хэлж байна.
Аа яадгийм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа муу хүү минь
Дотогшоо би өмөлзлөө.

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юм сан миний хүү
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц үр минь юм сан

Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юүхэв
Эжийдээ хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яахав
Эжийдээ хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин хүү минь
Эжийнхээ нүдэнд бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь эжийдээн ир
Хөхөөрөөн чамайг даллая,
Үхэхээрээн чамайг айлгая
Миний хүү Эжийдээ ир

Ухаантай даа миний хүү
Хурай хурай хурай
Унага шиг эжийдээ давхиад ир
Гуруй гуруй гуруй

Friday, January 25, 2008

Харамчийнхан

Дөнгөтийн Цоодол
Харамчийнхны дууль

Айхавтар гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт навсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггүйөдөр" өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав
Халх гол уруу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа
Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг
"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ

Гэгээн наранд ойрхон өслөө

О.Дашбалбар

Гэгээн наранд ойрхон өслөө би

Агтын манлай ангир шарга минь
Алтан оддыг тосон vvрсээд
Зулай мєнгєн холын уулс минь
Зуун зууныг vдэж угтаад

Хээрийн сэлvvнд нь болжмор жиргэж
Хээнцэрхэн охидтой цэцгvvд нь ижилсээд
Гэрийн цэнхэрхэн утаат талдаа
Гэгээн наранд ойрхон єслєє би

Намрын шувууд эргэн хургасан
Наран хєндий, эрдэнийн уулстай
Нялххан янзага, нємєрт нь хоргодсон
Намхан толгод элсэн манхантай

Vлгэр домгийн буурал талдаа
Vvлэн хэвнэг нємєрч єслєє би
Гэрийн цэнхэрхэн утаат талдаа
Гэгээн наранд ойрхон єслєє би

Friday, January 11, 2008

Битгий урваарай миний хүү

Г.Мөнхцэцэг

Битгий урваарай миний хүү

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон

Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү

Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү

Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өсдөг юм шүү миний хүү
Томоо болсныг чинь шалгах гэж
Тоостой энэ орчлон хайртай бүхнийг чинь булаадаг юм шүү
Тогтохын дээдээр тогтсон хүлгийн нуруунаасаа
Тохсон эмээлээ сольж өөрөөсөө битгий урваарай

Бүгдээрээ чамайг жаргаах гэж
Бүсгүй болгон царайлаг төрдөггүй
Бүгээн хонгор нулимсаа эр хүн нууж унагадаг юм
Бүсээн нэвчтэл ганцаардахад чинь хэрэг болноо тэр чинь

Цагаахан сүүгээ ивэлтэл асгаруулж
Цээжээн хаттал өөрийгөө шингээлээ эжий нь чамд
Цагийн цагт холын холд ч цадталаа хөхсөн
Хүний үнэрээс минь битгий урваарай
Бүсийг чинь задалж хуурайлцсан аавынх нь энгэр шиг дулаахан
Бүгдээрээн зүхсэн ч энэ Монголоосоо бүр ч битгий урваарай
Миний жаахан хөвүүн